Зам тээврийн ослын бүртгэл өмнөх онтой харьцуулахад 34.4 хувиар буурсан талаар ТЦА-наас мэдээллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар ослын улмаас 265 иргэний амь хохирсон. Үүний 89 хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт гарчээ. Мөн 621 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна.
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Г.Отгонтамир:
Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудаар цас орж зам халтиргаатай байгаа талаар орон нутгийн замын цагдаагаас мэдээлэл өгсөн. Тэгэхээр иргэд хөдөө орон нутгаар явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай. Энэ үед өвлийн дугуйг тээврийн хэрэгсэлдээ хийж хөдөлгөөндөө оролцохыг анхааруулж байна. Орон нутгийн замд осол гарч байгаа гол шалтгаан нь хурд хэтрүүлэх, цагдаагийн хяналт байхгүй болохоор архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцох байгаа юм. Сүүлд Дархан-Уул аймгийн зам дээр ноцтой осол гарсан. Ослын улмаас хоёр хүүхдийн амь нас хохирлоо. Тэгэхээр хүүхдийн аюулгүй байдалд зайлшгүй анхаарах шаардлагатай байна. Бага насны хүүхдийг арын суудалд хамгаалалтын хэрэгсэлтэй байлгах шаардлагатай. Мөн иргэд хамгаалалтын бүсээ зүүж хэвших хэрэгтэй. Энэ жилийн хувьд Хүүхдэд ээлтэй жолооч, Ирээдүйгээ хамгаалъя, Орон нутгийн зам хөдөлгөөний соёл гээд маш олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсан. Үүний үр дүнд зам тээврийн осол 34.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.