Тархины саажилттай ч хөгжлийн бэрхшээлтэй гээд хойш суулгүй эрэгтэйчүүдийн гоёл чимэглэлийн "Зэс" Брендийг үүсгэн байгуулсан иргэн Ц.Зэс-Эрдэнэтэй уулзлаа. Мөн тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эхийг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг Зэс-Оюу сан ТББ-ыг удирдаж буй юм. Түүнтэй бид "Зэс" брендийн талаар, эрүүл саруул мөртлөө ажил хийдэггүй залуусын тухайд ямар бодолтой байдаг талаар ярилцав.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би ШУТИС-д хэл шинжлэлийн ухааны бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан. Одоо 27 настай. Миний хувьд төрөлхийн тархины саажилттай. Таван настайдаа ярьж, явж сурсан. Жаахан байхад бие их муу байлаа.Тууштай дасгал хөдөлгөөний үр дүнд өдий зэрэгтэй явж байна. Энэ бүхэн мэдээж эцэг эхийн минь гавьяа.
-“Зэс” брендийн тухай ярья.Үүсгэн байгуулаад хэдэн жил болж байна? Ямар бүтээгдэхүүн хийдэг вэ?
-Брендээ үүсгэн байгуулаад таван жилийн нүүр үзлээ. Бугуйвч гэх мэтчилэн эрэгтэйчүүдийн гоёл чимэглэлийн зүйлс хийдэг. Үүнийг үүсгэн байгуулах болсон шалтгаан нь, яагаад эрэгтэй хүн гоёж болохгүй гэж гэсэн бодлоос эхэлсэн. Хүмүүс зөвхөн эмэгтэй хүн л гоёдог гэсэн ойлголттой байдаг шүү дээ. Анх гоёл чимэглэлийн зүйлсээ өөрөө гардаж хийдэг байсан. Одоо бол 2-3 ажилчинтай болсон. Мөн брендээ Монголд төдийгүй дэлхийд таниулаад явж байгаадаа баяртай байгаа.
-Ажилчдын хувьд хөдөлмөр эрхлэх боломжгүй хүмүүсийг ажиллуулдаг гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Тийм ээ. Гэртээ суугаад хүүхдээ хардаг, ажил хийх боломжгүй, цаг зав нь бага, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аль болох ажиллуулах хүсэлтэй байдаг. Нэг ч гэсэн хүнийг ажлын байраар хангах нь миний хувьд их үнэтэй. Цаашдаа брендээ хөгжүүлж илүү олон хүнийг ажлын байраар хангана гэж боддог.
-Эрүүл саруул мөртлөө ажил хийдэггүй хүмүүс их байна шүү дээ. Энэ бүхнийг хараад таны хувьд юу боддог вэ?
-Тийм хүмүүсийг хараад их гайхдаг даа. Монголд ажилгүйдэл их байна. Ядуу байна гээд л байдаг. Хүмүүс өөрсдөө хөдөлмөр эрхлэхгүй болохоор ядуу байхгүй гээд яах юм. Би гар муутай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ч гэсэн гар урлалын бүтээл хийж байна шүү дээ. Өөртэйгөө тэмцэж байхад, эрүүл саруул байж ажил хийхгүй байна гэдэг миний хувьд тун харамсалтай санагддаг.
-Зэс брендээ хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна. Шинэ бүтээлүүд гаргах уу?
-Зэс, мөнгөөр шинэ загвар хийхийг зорьж байгаа. Манайд зангуутай бугуйвч гэж байдаг. Тэр нь мөнгө, зэс, арьсаар хийх боломжтой юм. Түүнчлэн нэг зүйлд баригдалгүй шинэ бүтээгдэхүүн хийж эхэлье гэж бодож байгаа. Арьсан эдлэл ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Монголд арьс шир их байдаг шүү дээ. Тиймээс эх орондоо байгаа түүхий эдийг ашиглах бодолтой байна. Материалаа авчихсан байгаа. Удахгүй шинэ бүтээлээрээ та бүхэнтэй уулзах байх. Бүтээгдэхүүнээ Герман, Япон руу гаргаж байсан. Үйлчлүүлэгчид маань их сэтгэл хангалуун байдаг юм билээ. Цаашдаа дэлхийд танигдсан бренд болохын төлөө хичээж ажиллана.
-Ингэхэд анх брендээ үүсгэн байгуулахад хүндрэлтэй зүйл тулгарч байв уу?
-Анх загвараа гаргаад өөрөө хүргэлтээ хийгээд явж байхад хүмүүсийн илэрхийлж байгаа сэтгэл хөдлөлөөс эрч хүч энерги авдаг байсан. Аливаа зүйлийг эхлүүлэхийн тулд сэтгэл зүй хүчтэй байх хэрэгтэй. Яагаад эхлүүлсэн гэдгээ л бодож гүрийдэг байлаа. Миний хувьд заавал эцсийг нь үзэж байж санаа амардаг зантай. Энэ нь манай аав ээжийн хүмүүжил байх гэж бодож байна. Шантрах үе их байсан. Би чадахгүй юм байна гээд л. Гэсэн ч тууштай байж эцсийг нь үзэхээр хичээсний үр дүнд өдий зэрэгтэй явж байна даа.
ЭНД дарж Зэс брендийн дэлгүүрээр зочлоорой