Өнгөрсөн 12 жилийн хугацаанд бид “Оюутолгой” төсөлтэй холбоотой мэдээллийг Монголын төрийн түшээдий намнаас, ТУЗ-д нь байсан цөөн хэдэн монголчуудаас л сонсож, монгол Монголтойгоо л мэтгэлцэж, монголчууд л хоорондоо муудалцаж хоёр тал болсоор ирснийг харлаа. Гэтэл 66 хувьэзэмшигчид тайлбар, байр сууриа Монголын хэвлэлд ил тод өгдөггүй, улмаар “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд л гэхэд “Би зоо паркийн амьтан биш. Хэлэлцээр нууц” зэргээр ам үдчихээд гүйдэг байдлыг бид харж байна.
Тийм учраас “Өрөг.мн” сайтаас санаачлан сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн өнөөдөр “Рио Тинто” компанийн Улаанбаатар хот дахь оффист очиж “Оюутолгой” компанийн менежментийг хариуцагч Зэсийн группийн захирал Б.Болд, “Рио Тинто” группийн Монгол дахь захирал Х.Амаржаргал нарыг тодорхой асуултуудад хариулт өгөхийг шаардлаа.
Бид тэднээс гурван асуудлын хүрээнд асуултуудаа бэлдсэн ба нэгдүгээрт, өнгөрсөн наймдугаар сард гарсан Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд яагаад өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байна вэ. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өсөж, хугацаа хойшилсон асуудлыг чулуулгийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж монголчуудыг хуурч байсан болж таарав уу? Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үү?
Хоёрдугаарт, #БариаОйрхон гэх Рио Тинтогийн гялгар сурталчилгааг бид хэдэн жил үзэж байгаа ч үнэхээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хэзээ дуусаж бариандаа орох вэ? Анх 2021 оны нэгдүгээр сард ашиглалтад орох товтой байсан энэ ажил түүнээс хойш хоёр ч удаа хойшилж одоо 2023 онд ашиглалтад орохоор болсныг монголчууд бид “Туркойз Хилл”-ийн хэвлэлийн мэдээнээ олж харчхаад байна.
Гуравдугаарт, ил тод, нээлттэй засаглалтай хэмээн дэлхийд гайхуулан сурталддаг “Рио Тинто” Оюу толгой төслийн менежментийг яг яаж хэрхэн авч явж байгаа юм бэ? Өөрсдийнх нь мэдээлснээр бид 2051 онд 22 тэрбумын өртэй үлдэх үү? Энэ асуудлын хүрээнд асуултуудаа бэлдээд очсон ч дээрх асуултуудад хариулах бүү хэл цугласан сэтгүүлчидтэй Рио Тинтог төлөөлж хэн ч нүүр тулсангүй. Хэдэн өдрийн өмнөөс асуулт тавьж мэдэгдсэн боловч өнөөдөр тэдний оффисийн барилгын хамгаалагчид бичлэгээ зогсоохыг шаардаж, хүлээлгийн танхимд ч хөл тавих боломж олгосонгүй. Б.Болд захирлын өөрийнх нь хэлдгээр “Рио Тинто” үнэхээр хамгаалалтын цаана нуугдсан зоо парк болжээ.
Харин бид Х.Амаржаргал захиралтай нь утсаар холбогдож чадсан ч тэрээр Х.Нямбаатар сайдыг зөвшөөрөл өгвөл мэдээлэл өгье хэмээн барьц шаардав. Монголын сэтгүүлчидтэй 12 жил нүүр тулаагүй компани гэнэт монголын улс төрчөөс зөвшөөрөл авна гэх нь тэр.
Рио Тинто группийн монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.АМАРЖАРГАЛ
“Яг хэлэлцээр явагдаж байгаа үед хэвлэл мэдээллээр битгий ярилцлага өгөөд бай. Хэвлэл мэдээлэлд янз бүрийн юм битгий яриарай гэж уг нь хоёр талаасаа тохирсон юм. Түүний дагуу бид хэлсэн ярьсандаа байх гээд хичээгээд хэвлэлд ярилцлага өгөхгүй байгаа юм”
Уг нь 12 жил нээлттэй ил тод гэх Рио Тинто Оюутолгой төслийн менежментийг нь авч яваа. Тэд ядаж авч яваа менежментийнхээ талаар ч мэдээлэл өгч болох байлаа. Эсвэл бид Х.Нямбаатар сайдаас зөвшөөрөл авчихаад эргээд та бүхэнтэй холбогдож мэдээлэл өгье ч гэсэнгүй. Шууд л ам үдэх л арга хэрэглэж, мэдээлэл өгөх арга саам хайсангүй ээ. Өрөг сайт монголын хэвлэлд 12 жил хаалттай байсан Рио Тинтогоос мэдээлэл авахаар ажилласаар байх болно.