2017 оноос хойш угаарын хийн хордлогод өртөж дуудлага ирүүлсэн 2591 тохиолдол байна. Үүний 321 нь угаарын хийн хордлогын улмаас амь насаа алджээ. 2019 онд Засгийн газрын 62 дугаар тогтоолоор шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Үүний үр дүнд бидний нүдэнд харагдах утааны хэмжээ буурсан мэт боловч утаанд агуулагдах химийн хор их байгаа талаар Үндэсний аудитын газраас мэдээлсэн. Мөн сүүлийн ДӨРВӨН жилийн хугацаанд утаа бууруулахаар 456 тэрбумыг зарцуулсан ч үр дүн гараагүйг хэлэв. Бид НЭМҮТ болон ҮАГ-аас энэ талаар тодрууллаа.
Энэ талаар, Аудитын гуравдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд, Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа тогтолцоо бүтэц зохион байгуулалт үр дүнгүй байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, яам, агентлагуудад үндэсний хэмжээний хөтөлбөрүүдэд бүрэн дүүрэн хяналт тавьж зохион байгуулж чадахгүй байна гэдэг дүгнэлт гарч байгаа. Энэ хугацаанд нийт улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжаас 456.1 тэрбумыг утаа бууруулахаар зарцуулсан. Үүнд 199 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа юм. Үүнээс ердөө 64 арга хэмжээ нь хэрэгжсэн. Мөн ямар ч төлөвлөлтгүйгээр худалдан авах ажил зохион байгуулж байна. Тухайлбал угаарын шүүлтүүр байна шүү дээ. Гаалиас мэдүүлээгүй 10 тэрбумын асуудлыг бид хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг өгсөн байгаа.
Агаарын бохирдлын хувьд PM2.5, PM10 тоосонцрын хэмжээ 2016 онтой харьцуулахад буурсан хэдий ч Монгол улсын стандарт, ДЭМБ-ын зөвшөөрөх хэмжээнд хүртлээ буураагүй. Хүхэрлэг хийн ялгаруулалт 2016 онтой харьцуулахад өссөн байгаа. Зөвшөөрөгдөх хэмжээ нь 20, одоогийн байдлаар 47 буюу 2 дахин их байгаа гэсэн үзүүлэлтүүд гарсан.
Түүнчлэн утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хувьд ИТХ-аар санхүүжилт батлаад байгаа ч энэ нь батлагдаагүй хөтөлбөр байна. Үүн дээр төсөв батлаад байж болохгүй анхаарч ажилла гэх зөвлөмжүүдийг тус тус өгч ажилласан” гэв.
Харин угаарын хийн хордлогын тоон мэдээллийн талаар НЭМҮТ-ийн Тархвар зүй шуурхай удирдлагын албаны дарга Б.Баярмаа,
“Химийн бодисын хордлогууд дунд анхаарал татаж байгаа нь угаарын хийн хордлого байгаа. Сүүлийн гурван жилийн дунджаар жилд 500 тохиолдол бүртгэгдэж байна. Энэ дунд насанд хүрэгчдийн хордлогын тохиолдол арай өндөр. Агаарын хийн хордлогын мэдээг бид 7 хоног тутам гаргаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт 32 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлттэй гарч байгаа. 2017 оноос хойш 2500 гаруй тохиолдол бүртгэгдсэн” гэлээ.