Хакеруудын хар зах дээр монголын 2.3 сая иргэний мэдээллийг 700 ам.доллараар худалдаалагдаж байгаа асуудлаар Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлэг мэдээлэл гаргажээ.
Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээллийг 700 ам.доллараар худалдах зар www.raidforums.com вэб сайтад 2021 оны аравдугаар сарын 6-нд байршсан ба энэ үеэс Тагнуулын байгууллага анхааран судалж байна.
Тагнуулын байгууллага нь төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим заналтай тэмцэх хуульд заасан үүргийнхээ хүрээнд дээрх асуудлыг шалгаж байна.
Тагнуулын байгууллага нь хуульд зааснаар өмчийн хэлбэрээр ялгаварлахгүйгээр байгууллага, ААН-ийн аюулгүй байдлаа хангах, бизнесийн нууцаа хамгаалахад нь мэргэжлийн тулалцаа үзүүлж, ажилладаг болно. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн этгээд, ААН-үүд хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн хадгалалт, хамгаалалт болон мэдээллийн аюулгүй байдлаа хангахад анхаарч ажиллахыг сэрэмжлүүлж байна.