2009 онд Монгол улсын засгийн газар, Рио тинто компанитай хамтран Оюутолгой төслийг хөдөлгөснөөс хойш 12 жил өнгөрч, энэ хугацаанд нийт Монгол улс Рио тинтотой таван гэрээ байгуулчхаад байна. Гэтэл Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшигчид болох Рио тинто Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд, монгол сэтгүүлчдэд нэг ч удаа ямар нэг цензургүйгээр нээлттэй асуултад хариулт өгч байсангүй. Нэг бол өөрсдийнхөө төлбөр төлсөн хэвлэлд хүссэн дуугаа захиалчхаад нэг бол камераас далд цөөн сэтгүүлч цуглуулж хаалттай хүрээнд л мэдээлэл өгсөөр ирсэн.
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд бид ОЮУТОЛГОЙ төсөлтэй холбоотой мэдээллийг Монголынхоо төрийн түшээдийн амнаас, ТУЗ-д нь байсан цөөн хэдэн монголчуудаасаа л сонсож, монгол нь монголтойгоо л мэтгэлцэж монголчууд л хоорондоо муудалцаж хоёр тал болсоор ирснийг харлаа. Гэтэл 66 хувийг эзэмшигчид тайлбар, байр сууриа монголын хэвлэлд тоож өгөхгүй 12 жил болчихлоо. Монголын хэвлэлийг басамжлан, үл тоож мэдээлэл өгөхгүй зугтдаг, би зоо паркийн амьтан биш, хэлэлцээр нууц зэргээр ам үдчихээд гүйчихдэг, бичгээр тайлбар өгье асуултаа явуул гэчихдэг Рио Тинто компаниас мэдээлэл авах хүсэлт илгээж байна. Рио тинтогийн хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Андрью латхам, Зэсийн группын захирал Б.Болд Рио тинтогийн монгол дахь захирал Х.Амаржаргал нарыг Монголд байгаа энэ хугацаандаа нээлттэй, цензургүй мэдээлэл өгөхийг хүсэж байна.
Өрөг.мн сайтын санаачилж буй энэхүү хүсэлтэд Монголын сэтгүүлчид, редакциуд нэгдэж, хамтдаа асуултууддаа хариулт авна гэдэгт найдаж байна. Бид 34 хувь эзэмшигчдийн хувьд менежментийг нь авч яваа Рио тинтогоос мэдээлэл авмаар байна. Хэдий болтол бид С.Ганбаатарын амнаас эсвэл Туркойз хиллийн сайтаас л мэдээлэл авдаг байх юм бэ? 34 хувь эзэмшигчид бидэнд нээлттэй мэдээлэл өгөх хугацаа явж эхэллээ! Нээлттэй ил тод компани гэдгээ дэлхийд тунхагласан Рио тинто мэдээлэл өгнө гэдэгт гүнээ итгэж байна.