Австри улсад коронавирусийн халдварын түвшин нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал ихэссэн учир өнөөдрөөс эхлэн вакцинд хамрагдаагүй хоёр сая орчим иргэндээ хөл хорио тогтоох шийдвэр гаргасан талаар ВВС мэдээллээ. Өнөөдрөөс эхлэн вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд зөвхөн ажилдаа явах, хүнсний бараа худалдаж авах зэрэг цөөн хэдэн шалтгаанаар гэрээсээ гарах эрхтэй болж байна. Одоогоор Австрийн 8.9 сая орчим, хүн амын 65 хувь нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа. Энэ нь баруун Европын орнууд дотроо доогуур орох үзүүлэлт юм.
Долоо хоногийн хугацаанд Австрид шинээр илэрсэн халдварын тохиолдлын 100 мянган хүн ам тутамд оногдох хэмжээ 800 гаруйд хүрсэн нь мөн Европ тивд хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг болж байна.
Тус улсад вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг ресторан, үсчин, кино театрт үйлчлүүлэхийг хориглоод байсан бол одоо гэрээсээ гарахыг нь хүртэл хоригложээ.
Австрийн Канцлер Александр Шалленберг "Бид энэ алхамыг хийх зайлшгүй шаардлагатай. Манай иргэдийн гуравны нэг орчим нь тодорхой хэдэн шалтгаанаар гэрээсээ гарах эрхтэй болж байна. Ингэснээр вакцинжуулалтад хамрагдсан болон хамрагдаагүй иргэдийн хавьтлыг үлэмж хэмжээгээр бууруулах юм" хэмээн мэдэгджээ.
Цагдаа нар өнөөдрөөс эхлэн гудамжаар яваа хүмүүсийг зогсоож, вакцинжуулалтад хамрагдсан эсэхийг нь шалгах юм байна.
Австрийн эрүүл мэндийн сайд Вольфганг Мюкштэйн "Шинэ хориг 12 хүртэл насны хүүхдүүд, коронавирусийн халдвар аваад хамгийн багадаа 10 хоногийн өмнө эдгэрсэн хүмүүст үйлчлэхгүй" гэв.
Зарим шүүмжлэгчид энэ алхам нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд эргэлзэж байна. Хэт барууны үзэл баримтлалтай Эрх чөлөө нам хоёрдугаар зэргийн иргэдийн бүлгийг бий болгоно гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС