Даяар Монгол хөдөлгөөн, Хөх Монгол бүлгэмээс өнөөгийн тэмцэгчдийн талаар байр сууриа илэрхийллээ.
Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн Г.Бямбатулга “Би цагдаа нарыг өмөөрч байна. Яагаад гэвэл өнөөдөр баяр ёслолоор нэг ч цагдаа гэртээ байдаггүй. Гэмт хэрэг, ямар нэгэн асуудал гарлаа гэхэд цагдаа л явж байдаг. Тэр тэмцэгчид явдаггүй. Жишээ нь Э.Одбаяр, Д.Монголхүү нар тэмцэгч биш. Энэ хүмүүс нь хөлсөөр жагсаал хийдэг тул ард түмэн тэмцэгч гэж харах хэрэггүй. Тэгээд цагдааг муулаад яваад байж болохгүй.
Өнөөдөр талбай дээр утсаа бариад, олон талаар харлуулаад явж байгаа хүмүүсийн аль нь ч сэтгүүлч биш. Сэтгүүлч мэргэжилгүй хэрнээ өөрсдийнхөө ойлголтоор олон хүмүүсийн өмнөөс төлөөлж ярьдагт эмзэглэж явдаг. Өөрсдийгөө тэмцэгч эх оронч гэж яриад байгаа залуустай очиж уулзаад үндэсний үзэл гэж юу вэ гэж асуухад хариулж чадахгүй. Даяар Монгол хөдөлгөөн, Хөх Монгол бүлгэм талбай дээр очиж жагсаал цуглаан хийхдээ ордон руу хог шидэж, элдэв үгээр хэлдэггүй. Цагдаа нар чинь жирийн л монгол аавын хүү шүү дээ. Тэд үүргээ биелүүлж яваа. Иргэний үүргээ биелүүлээгүй байж эрх ярьж яваа хүмүүсийг хараад инээд хүрч байна” гэв.
Хөх монгол бүлгэмийн төлөөлөл “Халуун, хүйтэн ямар ч үед цагдаа л зогсож байдаг. Өнөөдөр цагдаа руу, байгууллага руу нь хэтэрхий их халдаж байгаад гайхаж байна. Ажлаа хийгээд зогсож байгаа цагдаа руу хэн дуртай нь утсаа гаргаж бичлэг хийгээд цацахыгаа тэмцэгч гэж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв.