Монгол Улсын Засгийн газраас есдүгээр сарын 30-нд өргөн мэдүүлсэн 2022 оны төсвийн тухай болон дагалдах хуулийн төслүүдийг өнөөдөр УИХ эцэслэн баталлаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.
Тэрээр "УИХ-ын тогтоолын төслийг өөрчлөх ёстой. Ингэж байж бид хөгжлийн төсөвтэй болохгүй тойргийн төсвөөс гарч чадахгүй байна. Өнөөдрийн баталсан төсөв 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай, 18 их наяд төгрөгийн зардалтай байгаа. Алдагдлыг өрөөр л санхүүжүүлнэ.
Гэтэл авч байгаа өр нь өндөр дүнтэй болоод байвал өрийн хямралаас гарч чадахгүй. Хөгжил санхүүжүүлдэг төсвийн эх үүсвэрийг бид шийдэх боломжгүй байна. Сангийн яам болон УИХ-ын гишүүдийн буруу гэж хэлмээргүй байна. Нэгэнт тухайн тойргоос сонгогдсон гээд иргэдийн асуудлыг ярьдаг бол одоо улс орны асуудлыг ярих шаардлагатай. Сонгуулийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Монгол Улс нэг том тойрогтой, тойрогтоо хөгжлийн асуудлаа шийддэг, төсөв нь хөгжлийн санхүүжилтийн төсөв байна гэдэг агуулгаар ирэх долоо хоногт Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдийг мөн шаардах болно.
Тойргийн төсвөөс татгалзъя гэж уриалсан. Өнөөдөр гишүүд тойрогтоо 4, 6, 8 тэрбум төгрөг тавих юм бол хөгжил байхгүй. Эсрэгээрээ бид төмөр замаа барья. Эсрэгээрээ бид эрчим хүчний хангамжийн асуудал, хил хаагдсан, бараа ямар үнэтэй байгаа билээ. Гэтэл том асуудлуудаа шийдэхгүй зөвхөн тойргийнхоо жижигхэн асуудлуудыг шийдээд яваад байвал бидэнд хөгжил байхгүй. Үүнд цэг тавья. Цэг тавих эх үүсвэр нь сонгуулийн тогтолцоо байна. Үүнийгээ хольё. Энэ асуудал Үндсэн хуулийн цэц дээр байх шиг байна. Энэ асуудал дээр ард түмний анхаарлыг Үндсэн хуулийн цэц рүү хандуулья гэж хүсэж байгаа" гэв.