Залуучуудын байгууллага үүссэний 100 жилийн ойн хүрээнд “Эх оронч залуу” үндэсний аяныг 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд Өсвөр үз залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт нөлөөллийн үйл ажиллагааг танхимаар болон цахимаар зохион байгуулж байна. Энэхүү аяныг ГБХЗХГ-аас ЗХЖШ, Эерэг Тэмүүлэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй юм.
Энэ талаар Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ, “Хүүхдийнхээ хажууд хорт бодис хэрэглэдэггүй байхаас эх оронч сэтгэлгээ эхэлнэ. Эх оронч залуу сургалтын хүрээнд Монголын өв уламжлалын боловсрол олгох маш чухал байна. Хүүхэд залуучууд үндэсний хөөмий, уртын дуу гэх мэтчилэн үнэт өвүүдийг сануулах, өвлүүлэх, өв тээгч болоход нь туслах зорилгоор үргэлжилж байна. Монголд 1 сая 30 мянган залуучууд байгаа. Эдгээр залуучууд 1 сая 30 мянган сайн дурын ажил хиймээр байна. Ингэж байж манай улс орон хөгжинө гэж харж байгаа” гэлээ.
Харин ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Э.Хулан
-Энэ жил сургалтад цэргийн ангийнхан, цагдаагийн албан хаагч, онцгой байдлын аврагч нар хамрагдаж байгаа. Мөн сайн дураар зарим ААН байгууллага, ЕБС, коллежууд оролцох тохиолдол ч бий. Анхан шатны бүртгэлийн мэдээллээр харахад 13 мянган залууд цахимаар болон танхимаар сургалт орж байгаа. Танхимаар 21 аймаг 9 дүүргийн 30 газар зохион байгуулж байна. Бид цэрэг цагдаагийн алба хаагчдад эх оронч үзлийг заах гээд байгаа юм биш. Олон нийт эх оронч хүмүүсийг цэрэг цагдаагаар төлөөлүүлж хардаг учраас эргээд дан ганц энэ албыг хашихдаа биш цаанаа ямар агуулга явах вэ. Алба үүргээ гүйцэтгээд явж байгаа ч гэртээ хариад таныг ямар үүрэг хүлээж байгаа вэ гэх агуулгаар өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа гэсэн юм.
Түүнчлэн Эерэг тэмүүлэл ТББ-ын зохицуулагч Б.Төмөр-Очир,
“Бидэнд эх оронч үзэл дутаад байна. Израиль, Европчууд эх оронч сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Жижиг дунд үйлдвэрлэлээ их сайн дэмждэг. Солонгосчууд л гэхэд Монголд ирээд Солонгос ресторан буудалд ороод явж байгаа шүү дээ. Энэ маш том эх оронч үзэл. Нэгнийхээ хийж буй ажлыг дэмжих. Бидэнд ийм л зүйл дутагдаад байна. Бидний хөгжихгүй байгаа нэг шалтгаан хоорондоо эвлэлдэн нийлэхгүй байгаатай холбоотой. Тиймээс нэг Монгол гэдэг ойлголтыг илүү сайн суулгаж төлөвшүүлэх хэрэгтэй. Монгол хүнийхээ хийж байгааг дэмждэг байх шаардлагатай” гэв.