УИХ-ын хуралдаанаар бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэж буй. Үүнтэй холбогдуулан бид одоогийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үнийн талаарх мэдээллийг Бөмбөгөр худалдааны төвөөс сурвалжиллаа.
ХУДАЛДААЧИД…
-Өндөгний үнэ 7 хоногийн өмнө өссөн. Цаанаасаа 50 төгрөгөөр нэмэгдэж ирсэн. Зарим нь 100 төгрөгөөр өссөн байгаа. Тухайлбал Орос өндөг 450. Бөөний үнээр 430 гээд зарж байгаа. Цаанаасаа ирж байгаа үнэн дээр 20-30 төгрөг л нэмдэг. Монгол өндөг бөөнийх нь 380. Ширхэгээр 400. Баянгийн том өндөг 460 төгрөгөөр худалдаалагдаж байна. Өндөгний хувьд шувууны тэжээл урдаас орж ирэхгүй үнэ өссөн учраас нэмсэн гэж тайлбарласан.
Хиам нэг кг тутамдаа 1500-2000 төгрөгөөр нэмэгдсэн. 15-16 мянгаар ирдэг. Зарагдахдаа 18-19 мянган төгрөг болж байгаа. Ирж байгаа үнээс л хамаарна. Хүмүүсийн худалдан авалт их муудсан. Зөв аарц 8400 төгрөг байсан бол 10500-гаар ирж байна. Тиймээс 11500-гаар зарж байгаа. Ургамлын тоснууд нь уг хуучин үнээрээ зарагдаж байсан. Сая ирэхдээ нэмэгдээд л ирсэн.
-Сакура, Слава зэрэг будаануудын үнэ 2000-3000 төгрөгөөр нэмэгдсэн. Тоснууд 300-500 төгрөгийн хооронд нэмэгдсэн. Импортоор орж ирсэн бүх л барааны үнэ өссөн шүү дээ.
-Монгол ногооны үнийн хувьд гайгүй байгаа. Төмс кг нь 1000 төгрөг, байцай 2500, лууван 3500, манжин 2500. Удахгүй гэхдээ үнэ өснө л гэж байгаа. Бөөнийхөн нэмэхээр бид ч бас нэмэхээс өөр аргагүй.