Дотоодын аялал жуулчлалыг идэвхжүүлэх, монгол өв соёлыг сурталчлах, тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэх зорилгоор “Талын түмэн адуу” уламжлалт үйл ажиллагааг энэ сарын 19-21-нд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар болжээ.
Морьтны өв соёл, ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой уг үйл ажиллагааг “Мөнх харилцаа” ТББ-аас зохион байгуулж ирсэн юм. Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ үйл ажиллагаанд 2000 гаруй хүлэг оролцуулж, адуутай холбоотой үнэт эдлэлийн дуудлага худалдаа, гэр музейн үзэсгэлэн, тэмцээн, урлагийн тоглолт зохиохоор төлөвлөжээ.
Түүнчлэн хүлэг морьдынхоо өнгө зүс, ид хавыг гайхуулж морьтон эрчүүдийн “Удамт Монгол” морин жагсаалыг зохион байгуулдаг уламжлалтай.