“Нутгийн шийдэл” төрийн бус байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын үерийн хамгаалалтын даланг нурааж буй асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Хотын даргын өгсөн үүргийн дагуу авто зам барих ажлын гүйцэтгэгчээр “Даймонд рөүд” ХХК шалгарч, энэ оны наймдугаар сарын 15-наас ажлаа эхэлжээ.
Тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэл "Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Ханхиллс хотхоноос Зайсангийн гүүр хооронд зам тавих шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэр одоогийн Засаг дарга Д.Сумъяабазарт "өвлөгдсөн". Үерийн хамгаалалтын даланг авто зам болгон хувиргана гэдэг асар харалган, буруу шийдвэр.
Улаанбаатар хотод 1966 онд их үер буусан. Үүний дараа Зайсангийн даланг Туул голын үерлэх дээд хэмжээнээс даруй нэг метрийн өндөрт өргөгдсөнөөр байгуулсан. Гэтэл сүүлийн үед даланг удаа дараа нурааж, нүдээр харахад 3.5 метрээр доошлуулсан байна. Мөн ажил гүйцэтгэх компанитай авто зам барих гэрээ л хийсэн, даланг хамгаалах болон нураах тухай нэг ч заалт байхгүй. Гэтэл “Даймонд рөүд” ХХК авто зам барих нэрийдлээр далангийн стандартыг ноцтой зөрчиж байна.
Туул голын далан бол нийслэлийн сая гаруй иргэнийг усны үерээс хамгаалж байдаг. Туул гол үерлэх юм бол Богд уул өндөрлөг учраас ус цааш урсахгүй, намхан тал руугаа халих нь физикийн хууль. Намхан талд нь Улаанбаатар хотын нэг сая гаруй иргэн, гэр орон, эд хөрөнгө бий" гэв.
Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны иргэн С.Халиунаа "Авто замын ажил энэ оны наймдугаар сараас эхэлсэн. Анх "Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох нэг километр авто зам тавигдаж байна" гэж хэлж байлаа. Түүнээс инженерийн байгууламж буюу Туул голын үерийн даланг нураах тухай асуудлыг огт яриагүй.
Ажил гүйцэтгэж байгаа компаниас үерийн даланг нураах тухай зөвшөөрлийг асуухаар зөвхөн зам барих бичиг л үзүүлээд байдаг. Өнгөрөгч амралтын өдрөөс эхлэн шөнийн 02.00 цагаас далангийн бүтцэд өөрчлөлт оруулаад, доош нураагаад эхэлсэн. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар үерийн даланг нураах ажил явагдаад байна. Энэ бол зөвхөн 17 дугаар хорооны иргэдийн асуудал биш. Сэлбэ голоос урагш амьдардаг бүх иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна" гэв.