Жолоочийн албан журмын даатгалын үйл ажиллагааг 2022 оны нэг дүгээр сараас төрийн байгууллага хариуцахаар болоод буй. Үүнтэй холбогдуулан Монголын даатгалын зуучлагчдын холбооны ерөнхийлөгч Д.Солонготой ярилцаж энэхүү хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Тэрбээр, “Манай холбоо бол даатгуулагчийн эрх ашгийн төлөөх байгууллага. Өөрөөр хэлбэл даатгалын компани үйлчлүүлэгчийн хооронд гүүр болж байдаг гэсэн үг. Одоо яригдаад байгаа хуулийн төсөлтэй холбоотой хэд хэдэн хэлэх зүйл байна. Манайхан бухимдсанаасаа болоод, даатгалд гомдсон гомдлоосоо болоод энэ хуулийг дэмжээд байгаа юм. Энэ хуулийн хэрэгжилтээр жолооч нар сонголтгүй болно. Нөхөн төлбөр гарахгүй, авахгүй, өгөхгүй байна гэж гомдоллох эрхгүй болно гэсэн үг.
Албан журмын даатгалын шинэ зохицуулалт үнэндээ ойлгомжгүй зүйл ихтэй. Жишээ нь нэг даатгуулагч дунджаар жилд 50 мянган төгрөгөөр даатгуулдаг. Энэ нь ямар нэгэн осол болоход 5 сая төгрөгийг даатгалаас авах боломжийг өгнө. Гэтэл үүн дээр 100 хүн нийлж байгаад 5 саяыг бүрдүүлж байгаа шүү дээ. Т.Аюурсайхан гишүүн хүн бүрд нөхөн төлбөрийг ямар ч асуудалгүйгээр өгнө гээд байгаа нь асуудалтай. Хоёр хүнд л 5 саяыг өгвөл нөөц нь дуусчхаж байгаа юм. Тэгэхээр сангаа хаанаас яаж удирдах нь тодорхойгүй. Үүнийг мэддэг хүмүүс удирдахгүй бол хүн болгон осол хийхэд мөнгө өгөөд байх юм бол угаасаа өгөх мөнгө байхгүй болно. Өнгөрсөн жилээс 40 мянган хүнд нөхөн төлбөр олгосон гээд даатгалын компаниуд зарласан. Төрийн оролцоотой байгууллага энэ 40 мянган хүний нөхөн төлбөрийг яаж гаргаж өгөх гэж байгаа юм бэ?
Ослын дуудлага дээр хэн нь очоод, хэн нь үнэлээд, хэн нь хийх гэж байгаа нь маш тодорхойгүй. Яагаад гэвэл Засгийн Газрын бодлого, алсын хараан дээр ч гэсэн төрийн бүтцийг данхайлгахгүй. Хувийн хэвшлийн хийж чиг үүргийг төр хувийн хэвшилд өгнө гэчихсэн байдаг. Гэтэл тэнд 2500 нөхрийн хийгээд байгаа ажлыг төр хийх гээд байгаа юм. Үүнийг яаж маш хурдтайгаар хийх нь ямар ч тодорхойгүй. Энэ хууль 2022 оны 1 сараас хэрэгжинэ гэсэн төсөл яваад байгаа. Хоёрхон сарын дотор яаж орлуулах нь ойлгомжгүй. Тэгэхээр зам дээр осол болоод хоорондоо хэрэлддэг, чиний буруу миний буруу гээд алалцдаг байсан шүү дээ. Тэр хэсэг рүүгээ буцаад очих гээд байгаа юм. Одоо бол муу ч сайн ч хүн болгон даатгалаа дууддаг болсон шүү” гэсэн юм.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгахаар хууль өргөн барихад оролцсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй холбогдсон юм. Мөн жолоочийн даатгалын тухай хуулийн ойлгомжгүй байдал болон иргэдийн дунд асуулт болон үлдээд байгаа зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, “Ажлын байрны асуудал дээр одоогоор зохицуулалт байхгүй. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг нийтийн төлөө ашгийн бус этгээд эрхлэх болсноор тухайн даатгалын компаниудад алдагдал болон ноцтой хохирол үүсэхгүй. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хэрэгжсэнээс хойш нийт 230 тэрбумыг төвлөрүүлсэн. Манай даатгалын 14 компани 231 мянган хүнд 121 тэрбумын нөхөн олговор олгосон. Гэсэн ч хохирол үнэлгээ хийх стандарт байхгүй. Тухайн даатгалын компани бүр өөрийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлдэг. Гол нь нийт иргэдээс цуглуулсан даатгалын хураамжийг маш цөөн хүнд хүртээмжгүй байдлаар олгодог, шударга ёсны зарчим алдагдсан. Олонх иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн бодлогын зохицуулалт дутмаг байна гэдэг үндэслэлээр хуулийн төслийг санаачилсан байгаа. Даатгалын компаниудын гомдлын дийлэнх нь жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотой ирдэг байгаа” гэлээ.