Энэ оны эхний 10 сарын байдлаар 16 ТҮК-ийн ажилтан машинд мөргүүлж гэмтсэн талаар ТЦА-наас мэдээллээ. Мөн 1970-2016 оны хооронд үүргээ гүйцэтгэж явсан 16 цагдаагийн албан хаагч машинд мөргүүлж амь насаараа хохирсон тохиолдол бүртгэгдсэн байна.
ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Г.Отгонтамирын мэдээлж буйгаар,
“Сүүлийн гурван жилийн хугацаанд 45 албан хаагч зам дээр үүрэг гүйцэтгэж байгаад хүнд хөнгөн хэлбэрийн бэртэл авсан. 2021 оны 11 сарын 7-ны 16 цагийн орчимд БГД-т албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг приүс маркийн машины жолооч дайрч бэртээсэн байгаа. Манай албан хаагч одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Осол, хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. Шалгалтын явцад тухайн жолооч санаатай болон санамсар болгоомжгүй үйлдсэн нь тогтоогдоно.
Өнөөдрийн байдлаар гэмтлийн зэргийг тогтоогоогүй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар алба хаагчийн нуруу нугасанд бэртэл үүссэн. Эмчлүүлж байгаа гэх мэдээлэл өгсөн. Сүүлийн гурван жилийн хугацаанд арван албан хаагч согтуу жолоочид мөргүүлж гэмтэл авсан байдаг. 1970-2016 оны хооронд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан 16 албан хаагч бүртгэгдсэн. Үүний 9 нь согтуу жолоочид мөргүүлж амиа алдсан.
Цагдаагийн албан хаагч иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар зам дээр үүрэг гүйцэтгэдэг. Энэ үед согтуугаар жолоо барьсан жолооч, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийн маш олон зөрчлийг газар дээр нь зогсоож иргэдийн аюулгүй байдлыг хангадаг. Энэ оны эхний 10 сарын байдлаар 29 мянган согтуу жолооч хөдөлгөөнд оролцсоныг таслан зогсоосон. Тэгэхээр хөдөлгөөнд оролцож байгаа иргэд анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна” гэлээ.