“М-Си-Эс Кока-Кола” компанийн байгальд ээлтэй шийдлүүд
Нэг үеэ бодоход юм бүхэн хөгжиж байна. Нийгмийн хариуцлагатай компаниуд ч байгаль орчинд ээлтэй, хамгийн дэвшилтэт гэсэн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийг илүүд үздэг болжээ. Түүчээлэгч болж олон төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа “М-Си-Эс Кока-Кола” компанийг “Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд” цуврал энэ удаад онцолж байна.
Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол нь хөнгөн, нимгэн, тунгалаг, хүнсний аюулгүй байдлыг хангасан, олон төрлийн хэрэгцээ шаардлагад нийцэн “хөгжиж” байгаа ч байгальд удаан задардаг, урт настай учир улс орон бүрийн толгойн өвчин болоод байна. Манай улсын хувьд ч мөн адил. Харин энэ асуудлыг шийдэхэд “М-Си-Эс Кока-Кола” компани аль хэдийнээ түүчээлээд эхэлжээ.
Тэд энэ жилээс эхлэн үйлдвэрээс гарсан хуванцар хог хаягдлаа дахин боловсруулах кампанит ажил эхлүүлэн, 2030 он гэхэд нийт хаягдал хуванцар саваа 100 хувь дахин боловсруулах, сав баглаа боодлынхоо жинг бууруулах чихэнд чимэгтэй сайхан мэдээ дуулгах боллоо. Энэхүү компанит ажлын хүрээнд “М-Си-Эс Кока-Кола” компани нь 2018 оноос өөрийн нийлүүлэгч "Ти Эм Эл" ХХК-тай хамтран Монгол Улсад анх удаа хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа юм. Уг үйлдвэр нь жилд 20 мянган тонн хаягдал хуванцрыг дахин боловсруулах бөгөөд ундааны саванд ордог хуванцартай дүйцэхүйц чанартай түүхий эд болгох хүчин чадалтай юм.
Мөн үйлдвэрийн төслийн хүрээнд хуванцар сав цуглуулах, ялгах, дахин боловсруулах 110 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод буй нь бас л “дулаахан” мэдээ. Түүнчлэн “М-Си-Эс Кока-Кола” компани 2014 оноос эхлэн сав, баглаа, боодлынхоо жинг бууруулах ажлыг эхлүүлсэн байна. Энэ нь байгаль орчинд ээлтэй байх зорилтоо бодитоор хэрэгжүүлж буйн нэгэн жишээ юм.
Мөн эко системийг нэвтрүүлэх зорилгынхоо хүрээнд “М-Си-Эс Кока-Кола” компани “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай “Голомт” банкны дэмжлэгтэйгээр энэ жил түүхий нүүрс шатаадаг уурын зуухаа халж, хийн түлшний зуухтай Монгол Улсын анхны хүнсний үйлдвэр болж чадсан байна. Байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулж буй компаниудыг үргэлж дэмжсээр ирсэн “Голомт”-ын санхүүжилтээр хэрэгжсэн энэ төсөл жилдээ 7,000 орчим тонн түүхий нүүрс хэрэглэхгүй байх боломжийг “М-Си-Эс Кока Кола” компанийнханд бүрдүүлж өгч байгаа аж.
Агаарын бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй (emission free) инженерингийн шинэлэг шийдэл бүхий төслийг амжилттай хэрэгжүүлсэн “М-Си-Эс Кока-Кола” компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав:
– "Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43-р тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын “Нам даралтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 захирамжийг компанийн түвшинд хэрэгжүүлэх боломжтой боллоо” хэмээн ярьсан юм.
Ийнхүү “М-Си-Эс Кока-Кола” компани нь Японы “NTEC” компанийн найман ширхэг ус халаах зуух, БНСУ-ын “DAEYEOL” компанийн дөрвөн ширхэг хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад оруулсан аж. Энэ нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, түүхий нүүрсээр ажилладаг зуухтай бусад үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шинэчлэл хийх сайн жишиг болсон гэж харж байна.
“М-Си-Эс Кока-Кола” компани усны эх үүсвэрийг хамгаалах зорилгын хүрээнд хоногт 2000 тн ус цэвэршүүлэх хүчин чадалтай, дэвшилтэт технологи бүхий “Хаягдал Ус Цэвэршүүлэх Байгууламж”-ийг салбартаа анхдагч болж нэвтрүүлсэн. Тус байгууламжаас гарсан ус нь “Монгол Улсын хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэрлэгдсэн хаягдал усны MNS 4943:2015” стандартад нийцсэн бөгөөд загас амьдрах хүртэл төвшинд цэвэршүүлсэн ус юм.
Энэ усаа Улаанбаатар хотын ногоон байгууламжийн усалгаа, зам талбай угаалт, автомашины угаалгын газруудад үнэ төлбөргүй өгдөг ажээ. Мөн тэд компанийнхаа ногоон байгууламжийн усалгаа болон түгээлтийн машинуудаа угаахад ашигладаг. Ингэж ундны цэвэр усны нөөцийг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулж байгааг нь сайшааж онцолмоор байна.
“М-Си-Эс Кока-Кола” компани өдгөө 800 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд шилдэг татвар төлөгч, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологи нэвтрүүлэгч, нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч гэдгээрээ хувийн хэвшил дундаа манлайлагч нь болж чаджээ. Энэ нь сүүлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй Монгол Улсын “Топ-100” аж ахуйн нэгжийн эхний 30-д жагсаж буйгаар харагдах биз ээ.
Дээр өгүүлсэн хаягдал хуванцар дахин боловсруулах үйлдвэр, хаягдал ус цэвэршүүлэх үйлдвэр мөн түүхий нүүрсийг халсан хийн түлшний зуухны төсөл нь “М-Си-Эс Кока-Кола” компани нийгэм, байгаль орчиндоо ээлтэй бизнес эрхэлж, тогтвортой хөгжлийн зарчмыг тууштай баримталдгийг харуулж буй юм.
Ийнхүү шат дараатайгаар “М-Си-Эс Кока-Кола” компани хүрээлэн буй орчиндоо ээлтэй, эко системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
Г.ХУЛАН