УИХ-аар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэл шинээр олон нийтэд койн (IEO ) гаргах, арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарлаж байгаагаа Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдээд буй.
Ийм байр суурийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн. Харин өнөөдөр Монголын финтек, блокчейны зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан, тэдний санал, байр суурийг сонсож, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн гол агуулга, баримтлах зарчмаа танилцууллаа. Уулзалтад крипто зах зээлд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуйн нэгжийн төлөөллөөс гадна Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун нар оролцлоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл батлагдахаас өмнө крипто валютын арилжааны платформуудаар дамжуулан нэр бүхий олон тооны койн гаргаж, иргэдээс их хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг татаж байгаа нь олон нийтийг хохироох, санхүүгийн луйвар, залилан зэрэг эдийн засгийн гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал үүсэж, эрсдэлийг бий болгоод байгаа учраас та бүхэнтэй уулзаж байна” гээд эрх зүйн зохицуулалт, олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцлоо.
Уулзалтад оролцсон талууд крипто валютын зах зээлийг зохицуулсан хууль эрх зүйн орчин шаардлагатай байгаа гэдэгтэй бүгд санал нэгдэж байв. Шинэ тутам хөгжиж байгаа салбар учраас иргэдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, мэргэжлийн салбарт мэргэжлийн оролцогчдыг бэлтгэх зүй ёсны шаардлага тулгарч байгааг онцоллоо.
Ингэснээр иргэдийг санхүүгийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж чадна гэж үзэж байна. УИХ-аас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ хуулинд ерөнхий шаардлагыг тусгаж, харин нарийвчилсан асуудлуудыг мэргэжлийн холбоод нь хариуцах, салбарын санал, дүгнэлтийг нэгдсэн байдлаар оруулж ирэх шаардлагатайг санууллаа.
Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай, Зөвшөөрлийн тухай зэрэг хуулийн төслүүдэд мэргэжлийн холбоодын үүрэг, хариуцлагатай холбоотой асуудлууд нарийвчлан тусгагдсан бөгөөд эдгээр хуулийн төслүүдийг УИХ ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөжээ.