Зам, тээвэр хөгжлийн яамнаас Тяньжин болон Эрээн, Зам-Үүд боомтод гацаад байгаа чингэлэг, ачаа барааг арваннэгдүгээр сард багтаан татан авах талаар хэлэлцсэн. Эрээнд гацсан барааны эхний ээлжийн долоон вагон нийслэлд ирсэн байна. Тодруулбал, “Барс”, “Нарантуул” захын 14 аж ахуйн нэгжийн долоон вагон ачаа буужээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авах шуурхай Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн салбар бүрийн уялдаа холбоог сайжруулан санал, санаачилгаа нэгтгэж чадсанаар Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүлээд буй юм. Ажлын хэсгийнхэн сард 60 вагон ачаа татан авахаар ажиллаж байгаа аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын талд байгаа 4800 орчим чингэлгийг шуурхай тээвэрлэх хүсэлтийг Хятадын талд тавьсан. Энэ хүсэлтийг хүлээн авч, өвлөөс өмнө шуурхай тээвэрлэж дуусгахаа Монголын талд мэдэгдсэнийг Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, Тяньжинд гацаад буй чингэлгийг энэ сардаа татан авахаар болсон байна.