Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОБЕГ-т ажиллалаа.
1985 онд Хөвсгөл далайд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, дээрх байгууллагуудын харьяа ангиуд, Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгслээр татан гаргажээ.
Онцгой байдлын байгууллагын 20 гаруй усчин аврагч хөлөг онгоцыг холбох, хөшүүрэг хийх, гүн хэмжих, битүүмжлэх даалгаврыг сар гаруй хугацаанд 100 удаагийн шумбалтаар гүйцэтгэсэн байна.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "16 метрийн гүнд байсан 309 тн жинтэй хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа улсдаа анхных бөгөөд түүхэнд үлдэнэ. Хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд онцгой байдлын бие бүрэлдэхүүн амжилттай ажиллаж, 35 жилийн өмнө живсэн хөлөг онгоцыг ямар нэг осол эндэгдэлгүй татаж гаргалаа. Аврагчдад баяр хүргэе. Энэ бол манай усчин аврагчдад маш сайн сургуулилт болсон. Хөвсгөл далайд живсэн техник хэрэгслийн татаж гаргах санаачилгыг би Ерөнхий сайд байхдаа гаргасан. Бид цэнгэг уст Хөвсгөл далайгаа хамгаалах ёстой. Энэ асуудлаар би Хөвсгөл далайд хоёр удаа очсон. Хөвсгөл далайг бүтэн тойрсон, тал талаас нь харсан.
Манай усчин аврагчид маш сайн дадлага сургуулилттай болж байна. Ойрын үед Хөвсгөл далайд живсэн бүх автомашиныг татаж гаргах хэрэгтэй хэмээгээд “Хэзээ татаж гаргаж дуусах вэ?” гэж ОБЕГ-ын дарга, генерал Г.Ариунбуянгаас асуухын зэрэгцээ “2024 онд Хөвсгөл далайд живсэн бүх автомашиныг татаж гарга. Энэ бол Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн өгч буй үүрэг. Үүний тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авах хэрэгтэй” хэмээв.