УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар өнөөдөр хүргүүллээ. Энэ хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ тэрбээр хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болохыг онцлов.
Тэрбээр "Сүүлийн үед хүний жам ёсны эрхэнд халдах байдал ажиглагдаж байна. Үндсэн хуулиар бид итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх, эрх чөлөөг тусгаж өгсөн. Гэтэл өнөөдөр жагсаал цуглаан хийх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал тухайн орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг болсон байна.
2015 онд баталсан жагсаал цуглаан хийх журмын хуулиар Засаг даргад заавал мэдэгдэл хүргүүлж, түүнийгээ бүртгүүлдэг. Бүртгэхээс татгалзаж болдог зохицуулалт оруулсан. Уг нь энэ бүртгэл, зөвшөөрөл олгох зохицуулалт огт биш. 2015 оны энэ хууль маш том ухралт бий болгосон. Үүнээс болоод төр, иргэний хооронд үл ойлголцол үүсч байна. Тиймээс 2015 оны хуулийг өөрчлөх шаардлагатай байна. Хууль өөрчлөгдсөнөөр жагсаал цуглаан хийхдээ ямар ч зөвшөөрөл авахгүй. Зөвхөн тухайн нутгийн Засаг даргад мэдээлэл хүргүүлж, бүртгүүлдэг болно. Энэ бүртгэл жагсаал цуглаанд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой.
Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийг журамлах цаг ирсэн байна. Ингэснээр иргэд жагсаал цуглаан хийх хүсэлтээ тухайн дүүргийн Засаг даргад мэдүүлж бүртгүүлнэ. Олон улсын туршлагаас харахад жагсаал цуглаан хийхээс өмнө бүртгүүлдэг. Иргэд хэзээ ч ямар ч цаг үед итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь нээлттэй орхих ёстой.
Харин төр аюулгүй байдлыг хангах, гол зорилтоо чиглүүлэх ёстой. Бид 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар олж авсан эрх чөлөөгөө эдлэхгүй бол хувь хүний эрх чөлөө рүү халдсан хуулийн төслийг зарим УИХ-ын гишүүн баталж байна. Өнөөдөр МАН-ын бүлэгт ч Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр иргэдэд жагсаал цуглаан хийх эрхийг нь илүү нээлттэй болгож өг" гэв.