Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг сарын аяны дүгнэлт, цаг үеийн мэдээллийн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” компани, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Иргэд сайжруулсан түлшийг түлэхтэй холбоотой мэдлэг мэдээлэл харьцангуй сайтай болсон. Өнгөрсөн хаврын угаарын хийн хордлого үүссэн эрсдэлүүдийн ихэнх нь хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй. Угаарын хийн эрсдэлд өртөгсдийн 45 хувь нь хүүхдүүд байдаг.
Яндан хөөлөх нь өрх гэрийн зуршлын хэмжээний үйлдэл. Энэ жилийн хувьд аяны хүрээнд НИТХ-аас төсөв гаргуулж, 10 мянган зорилтот өрх буюу ганцаараа амьдардаг настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, яндангаа хөөлөх бололцоогүй айлын янданг хөөлж байгаа.
Мөн энэ жилийн хувьд “Тавантолгой түлш” компани угаар мэдрэгч дамжуулагчийг айлуудад байршуулж байгаа билээ. Энэ нь айл өрхөд угаарын эрсдэл үүслээ гэхэд "Тавантолгой түлш" ХХК-ийн угаарын төвд давхар дохио ирдэг тул асуудлыг хурдан шийдэх давуу талтай.
“Тавантолгой түлш” ХХК-ийн компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал "Улаанбаатар хотын хэмжээн дэх 220 мянган өрхийн 187 мянга нь сайжруулсан шахмал түлш түлж байгаа. Угаарын хийтэй холбоотойгоор ирдэг нийт дуудлагын 70 хувь нь яндангийнхаа хаалт, сойлтыг хаасан гэх шалтгаантай байна. Сайжруулсан шахмал түлш түлж л байгаа бол яндангийн хаалтыг хэзээ ч хааж болохгүй.
"Тавантолгой түлш" компанийн хэрэглэгчдэд үйлчлэх албанаас хийж байгаа ажлуудын нэг нь 10 мянган зорилтот өрхийн янданг хөөлөх ажлыг зохион байгуулж байгаа юм. Одоогийн байдлаар 6,000 гаруй айлын янданг хөөлсөн. Хяналтын ажилчид шалгаж үзээд боломжтой гэж үзсэн айлуудын яндаг хөөлөхгүй орхиж байгаа.
Мөн өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган айлд угаарын хий мэдрэгч дээр нэмэлтээр дамжуулагч суулгаад байна. Аравдугаар сарын 6-наас өнөөдрийг хүртэл нийтдээ 120 гаруй удаагийн угаарын хийн аюултай түвшин илэрсэн гэх дохио ирсэн.Бид зорилтот бүлгийн 60 гаруй мянган айлд дамжуулагч суулгана. Түүнээс биш нийслэлийн 187 мянган айлд дамжуулагч суурилуулахгүй тул үлдсэн айлууд угаарын хий мэдрэгчээ байнгын ажиллагаатай байлгахыг хүсье" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Дараах зүйлсийг анхааруулж хэлмээр байна. Үүнд,
- Яндангийн сойлт, хаалтыг ашиглахгүй байхыг хүсье.
- Угаарын хийн худал дуудлага өгөхгүй байхыг хүсье. Жишээлбэл, боломжтой айл мөртлөө яндангаа хөөлүүлэх "угаартсан" гэх дуудлага өгч очуулж байна. Зарим иргэд даралт ихэссэн тохиолдолд 103 ирэхгүй болохоор "угаартсан" гэх дуудлага өгч байна.
Өөрөөр хэлбэл, 103 дуудаад ирэхгүй болохоор "угаартчихлаа" гэж дуудлага өгдөг аргыг иргэд хэрэглэгдэг болсон байна. Энэ байдлаар холбогдох газруудад чирэгдэл учруулахгүй байхыг уриалж байна" гэв.