“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт ГССҮТ-ийн Насанд хүрэгчдийн гэмтлийн тасгийн эмч Д.Энхтүвшинг урьж ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Даваасүрэнгийн Энхтүвшин гэдэг. ГССҮТ-ийн Насанд хүрэгчдийн гэмтлийн тасгийн спортын гэмтэл болон дурангийн мэс заслаар нарийсаж ажилладаг эмч. Багадаа аавын толгой их өвддөг барьж өгдөг байсан.
-Эмч мэргэжлийг хэрхэн сонгосон бэ?
-Аав миний хүү ч эмч болох гартай хүн шүү гээд л. Гэмтлийн эмч гэдэг мэргэжлийг сонгоход багаас аав минь мод хөрөөдүүлэн алх, хадаас бариулан гарын дүйтэй болгоно гээд ярина. Би түүнийг нь сайн ойлгохгүй. Одоо бодоход гар зүгшүүрээлээд л. Хагалгаан дээр маш их хэрэгтэй зүйл бол бидний гарны хурд шүү дээ. Юмны эв дүйг олох, яс хугараад нийлүүлэх, тасарсан зүйлийг буцааж залгах гээд.
Гэмтлийн эмч гэдэг чинь хугараад ирдэг эсвэл авто осол, маш хүнд байдалтай ирэхэд тэр шалтгаануудыг нь эмчлээд засахад нүдэн дээр босоод ирдэг, явдаг, инээчихсэн байж байдаг. Ийм мэргэжил болохоор сэтгэлд их ойрхон.
-Эмч нар мэргэжил дээшлүүлэх, гадаадаас туршлага судлах боломж хэр байдаг бол?
-Бид чинь нэг үеэ бодвол явья гэсэн сургууль руугаа очоод сурдаг болсон. Тайвань, БНСУ, АНУ, ХБНГУ бүхий л орон руу явж үзэж байна, манай залуу эмч нар. Заавал бид шинэ зүйл хийх биш. Тэртэй тэргүй бага зэргийн хоцрогдсон яваа гэдгээ ойлгох түвшинд хүрэх юм бол тэр хүмүүсийн хийж байгаа хагалгааг хараад тэднийг сан хуулбарлаж ирэх бололцоо байгаа.
Одоо найман цаг хийдэг хагалгаа 30 минут болсон байх жишээтэй.
Тайваньд явж байхдаа би энэ 3D аппаратыг бүх хагалгааныхаа өмнө хугарсан ясыг хэвлээд түүн дээрээ имплантуудаа тааруулаад шрупээ тааруулаад хагалгааны цаг хугацааг богиносгоод л. Үүнийг л монголд аваачаад нэвтрүүлээд шинэ зүйл хийчих юмсан гэсэн бодол нэлээд байдаг. Тэр маань ч эхнээсээ бүтээд сайхан явж байгаа. Хүний ясыг одоо яг өөрийнх нь хэмжээтэй гаргаад авч чадлаа. Энэ бол 80-90 хувиа хийсэн. Одоо бид жаахан тоног, төхөөрөмж, аппаратуудаа сайжруулахад л бусад хавдрын эмч нартай хамтраад ажиллахад бүрэн бололцоотой болж байгаа гэж үзэж байгаа.
-Эхнэр тань ажил, мэргэжлийг тань хэр ойлгодог вэ?
-Эхнэртэйгээ нэгдүгээр курсдээ буюу 2000 онд танилцаад ханилаад 21 жил болж байна. Дөрвөн охинтой. Манай эхнэр чинь эрүүл ахуйч эмч гээд эрүүл ахуйн чиглэлээр ажилладаг.
Ер нь бид хоёр хэрэлдэж үзээгүй. Манай эхнэр их тайван хүн. Би чинь жаахан ширүүн хүн шүү дээ, зөрүүд.
-Өөрийг тань “Hot Spot” хамтлагт дуулдаг байсан гэж сонссон?
-Миний амьдрал урлагтай маш их холбоотой. Би чинь оюутан байхдаа аав болчихсон тэр үеийн амьдрал ахуй сайн байгаагүй. Бид чинь халтуур хийгээд л. “Hot Spot” хамтлаг гэж яригдана л даа.
Б.Наранзун ах маань, Б.Ангирмаа эгч эхэлж продюсерлаж байгаад бид нэг цомогтой болсон. Ганц нэг дуу маань караокед орчихсон явж байхад нь дуулаад, хүмүүс хажуу талын өрөөнд дуулж байхад баярладаг. Хит дуутай болно гэсэн мөрөөдөлтэй байна. Урлагаа орхиогүй байгаа. Сэтгэлийн мухарт дахиад нэг ганцаараа ч юм уу ганц дуу гаргая гэсэн бодол байдаг. Амжихгүй байна.
-Багадаа хөдөлгөөнтэй хүүхэд байв уу?
-Тав, зургаадугаар ангийн хүүхэд том хүн болчихсон юм шиг явж байхдаа авто засварын газар ажиллуулж байлаа. Өөрөө мөнгө олчих сонирхолтой. Баянхонгороос ирээд хөдөө байж байгаад Нэгдүгээр сургуульд азаар шалгалт өгөөд тэнцэж орсон. Тэгээд Нэгдүгээр сургуулийнхан чинь их ганган. Гоё пүүз, хувцас өмсөнө. Би бол хөдөөнөөс ирсэн улаан хацартай нөхөр байгаа юм чинь. Хажуугаар нь ажил хийгээд өөрийгөө хувцаслачхыг оролддог. Аль болох гоё хувцаслахыг боддог байлаа. Түүнийхээ хэрэгцээ шаардлагаар ажил хийгээд.
Сүүлд нэг, хоёрдугаар курсээсээ өөрийнхөө унаж байсан машиныг зараад эхнийхээ эргэлтийн хөрөнгөтэй болоод тэр маань яваандаа нэг, хоёр болоод өргөжиж тэлээд одооч гэсэн тэр ажлаа хийж байгаа. Ар гэрээ авч явах эр хүний шаардлага гарна шүү дээ. Хоёр, гурван ажил зэрэг хийх гээд. “Cute Kids” гээд цэцэрлэг хүртэл байгуулж, хоёр салбар нээж байлаа. Ганц мөрөөдөл байсан. Гэр хорооллын хүүхдээ харж чадахгүйгээс гэртээ орхиод хувинтай ус руугаа унаад амиа алдсан байдаг тохиолдлууд бий. Хувийн цэцэрлэг, цэцэрлэг олдохгүй. Үнэгүй цэцэрлэг байгуулья гэсэн бодол байдаг, тэр захын хорооллуудаар.
-Эмчээр ажиллаад явж байхад олон сайхан үйл явдлууд тохиолддог байх. Сэтгэлд ойр нэг дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Тайваньд суралцаад явж байхад бид Тайвань эмч нараа монголдоо уриад хүнд кейсүүдийг үзээд зөвлөлдөөд ярилцаад явж байх тэр хугацаанд нэг хүүг үзүүлж таарсан. 250 мянган тохиолдолд нэг байдаг ховор тохиолдол. Тэр хүүхдийн кейс дээр бид эмч нартайгаа ярилцаад санал болгоход их мундаг санал тавьсан. Бид энэ хүүхдийг Тайваньд өөрсдийн “Tri-Service General Hospital” эмнэлэгтээ аваачин үнэ төлбөргүй мэс засал хийж өгье. Чи энэ хагалгаанд хамт оролцоорой гэдэг бололцоог гаргаж өгөн би хамт очиж оролцсон. Одоо тэр хүүхэд маань 3-4 жил болж байна. Хөл дээрээ гишгээд бороолохгүй байсан яс нь бороолоод эхэлсэн. Шилийн шил гээд хүний яс их сонин шүү дээ ховор тохиолдолд шил шиг бутраад хугараад байдаг. Тэгээд хугарангуутаа эргэж бороолдоггүй ховор тохиолдлын өвчин. 11, 12 настай байхдаа хагалгаанд орсон. 18 нас хүртлээ таван хагалгааг нь тэр эмнэлэг үнэ төлбөргүйгээр даахаар болоод монголын маань нэг хүүхэд хөлтэй, өнөөдөр ирээд уулзаад явдаг. Би тань шиг эмч болно оо гээд явж байгаа нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хүү бий.
Хүүхдээ сонгино аваад ир гээд гаргачихсан тэгээд машин мөргөөд хүүхдээ алдчихсан хажууд уйлаад байж тайвшруулах хэцүү , хэлэх үггүй болдог. Тэр бодол маань хоёр гурван өдөр хамт явж байдаг.
Миний амьдрал маш их алдаа, оноо байсан. Тэр алдаа, оноо болгоныг одоо эргээд бодоход шагнал гэж ойлгодог.
-Таны ойрын төлөвлөгөө
-Гоё, сайхан эмнэлэгтэй болохыг мөрөөддөг. Мөрөөдөл маань биелэх цаг ойрхон байх гэж бодож байна.