Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон баталлаа.
Ардчилсан намын ээлжит бус ИХ Хуралд хэлсэн Одонгийн Цогтгэрэлийн үг:
Ардчилсан намын их хурлын хүндэт төлөөлөгчид өө, гишүүд, дэмжигчид, журмын нөхөд өө,
Ардчилсан Монгол улсын иргэд ээ, та бүхэндээ өвлийн эхэн сарын шинийн нэгэн Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийн мэндийг хүргэе. Энэхүү бэлэгдэлт өдөр бид удаан хугацаанд хуримтлагдсан амаргүй нөхцөл байдалдаа дүгнэлт хийж нэг талдаа гарахаар, асуудлууддаа шийдэл олж амжилт ялалт өөд ахин тэмүүлэхээр Онц Их хурлаа зарлан хуралдуулж байна.
Өнөөдрийн энэ хурал бол баярын хурал биш ээ. Цаасан дээр нэр нь, шүүх дээр бүртгэл нь байгаа ч иргэдийн итгэлээс, гишүүдийн бахархлаас өдрөөс өдөрт үргэн алга болсоор байгаа дотоод асуудлынхаа шалтгааныг олох ёстой хурал. Эвсэж, хамтраад ч болтугай эрх барьдаг байсан удаатай ч дөнгөж бүлэгтэй болсондоо баярладаг, бүр зарим сонгуульд тавхан хувийн дэмжлэг авсан төдийхөн болсон нөхцөл байдалдаа дүгнэлт хийх хурал.
Гэхдээ бас өнөөдрийн энэ хурал бол гомдол, гутралын их хурал биш. Ардчилсан нам маань ахин сэргэх болов уу гэх айдсаа, арай ч бүхэн шалдаа ирчхээгүй гэсэн эргэлзээгээ тайлах хурал. Яавал бүтэн ялж, бүрэн засаглаж, гишүүддээ итгэлийг, иргэддээ эрхийг нь, эдийн засгийн баталгааг нь өгөх вэ? гэдэгтээ хариулт өгөх ёстой хурал.
Та бидний тархи оюунаа, хүч хөдөлмөрөө зориулсан Ардчилсан нам маань олон мянган гишүүд биднээсээ аврал эрж байна. Тал талаас нь дэмнэж, дэмжих ёстой гишүүд, дэмжигчдийн маань итгэл унтарч байна. Халаглам, харуусам, халшрам үйл явдлууд өрнөж байна.
Ялагдлын шалтгаан, асуудлын уг гарвалыг олж, засах гэж биш нэгнээ буруутан болгож цовдлох гэж тачаадсан ах нарын хүсэл, тэмцлийн хөлд Ардчилсан нам нэрвэгдлээ. Яг л идэр залуу Тэмүүжин Хамаг Монголыг нэгтгэхээс өмнөх үе шиг, хамгаа алдан уруудан доройтсон бага хаадын үе шиг эрх баригчидтай биш журмын нөхөд, намын гишүүдтэйгээ тэмцдэг, алдаа, асуудлыг нь 10 дахин дэвэргэж байлддаг болсоор удлаа.
Тэмцэл, талцалд ялагч тал гэж үгүй. Гагц ганц ялалт бий нь эвлэрэл. Ардчилсан намын хувьд дан ганц эвлэрэл байгаад ч төр болтол бүтэцжсэн эрх баригчдыг ялж, засгийн эрхийг авах боломжгүй. Эвлэрэл дээр нэмэх нь шинэчлэл хэрэгтэй. Ийм учраас асуудал үүсгэж буй талуудын алинтай ч амин хувийн эрх ашиг, аль эсвэл үл ойлголцол байхгүй учраас эвлэрэл, нэгдлийн гүүр больё гэж, эргэн сэргэх шинэчлэлийн элч болъё гэж амаргүй энэ асуудлын голоор орж Ардчилсан намын даргын сунгаанд би нэрээ дэвшүүлсэн.
Бүгдээрээ нийлээд ч ялж чаддаггүйгээ, салж, сарнихаараа ямар дэмжлэг авдгаа бид дэндүү сайн мэднэ. Иймээс урилгатай, мандаттай ч өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирэхийг хүсээгүй журмын нөхдөө нэгдэн нийлж АН-ын түүхэн дэх анхны бүтэн ялалтыг цугтаа бүтээцгээе гэж уриалъя. Туурга салсан нөхдөө, ардчилалд хайртай, эрх чөлөөг эрхэмлэгч, даварсан данхар төрийг эсэргүүцэгч хэн бүхний өмнө ч Ардчилсан намын үүд хаалга үргэлж нээлттэйг сануулъя.
Тал нутагтаа ташуураа даллан морио хурдлуулж дэлхийн дайдыг эзэлж явсан Чингисийн хойч үес бид тархи, оюунаа дайчлан, эдийн засгаа тэлэн иргэддээ эрхийг нь эргүүлэн өгч, бизнесүүддээ гээгдсэн боломжуудыг ахин авчирч дэлхийд хүрч өрсөлдөх цаг ирлээ. Энэ өөрчлөлтийн эхэнд Ардчиллын дайчид та бид явах ёстой, ирэх сонгуулиудад Ардчилсан нам бүрэн ялах ёстой. Бид бүрэн ялж байж, Монголын Ардчилал бүтэн болно.
Бүтэн Ардчилал-Бүрэн Ялалтын төлөө Монголын Ардчилал Бадартугай.