Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын дөрөвдүгээр хуралдаан арваннэгдүгээр сарын 4-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Хуралдаанд Монголын талаас Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав, ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг, Хятадын талаас БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Үндэсний боомтын захиргааны дарга Хуан Гуаншэнь, БНХАУ-ын ГЕГ-ын Үндэсний боомтын захиргааны дэд дарга Ван Ке нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хуралдаанаар Коронавируст халдвар (COVID-19) хоёр талын боомтын үйл ажиллагаанд урьд өмнө нь тохиолдож байгаагүй том сорилт болж байгааг онцлон тэмдэглээд хамтран ажиллах дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, Монгол улсаас экспортолж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, чингэлэг тээврийн терминалын үйл ажиллагааг ашиглаж эхлэх, Замын-Үүд боомтоор нэвтэрч байгаа тээврийн жолооч нарын тоо болон галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, Монгол, Хятадын хилийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих, цаашид хоёр улсын хилийн боомтын хамтын ажиллагааны механизмыг сайжруулах, гадаад худалдааны цахим нэг цонхны үйл ажиллагааны талаар харилцан туршлага судлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг харилцан тохиролцлоо.
Хуралдааны протоколд хоёр талын комиссын тэргүүн нар гарын үсэг зурсан бөгөөд хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын тавдугаар хуралдааныг 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар мэдээллээ.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий газар