Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан болно. Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан М.Бадарч, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага О.Хангай тэргүүтэй 128 бөхийн барилдааныг өнөөдөр 12:00 цагаас танхим дахь үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахаар боллоо.
Өчигдөр УОК, НОК-ын шийдвэрээр тус барилдааныг зохион байгуулахгүй гэж Үндэсний бөхийн холбооноос мэдэгдсэн ч бөх сонирхогчдын эсэргүүцэлтэй нүүр тулсан учир товлосон хугацаандаа явуулахаар болжээ.
Монголын үндэсний бөхийн холбооны мэдэгдэлд "Хамтран ажиллах шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын Шадар Сайдын ажлын албаны дарга Ц.Уртнасан 23:39 цагт МҮБХ-ны удирдлагуудтай утсаар холбогдож маргааш болох бөхийн барилдааныг дэмжин ажиллахаа мэдэгдлээ" гэв.