Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархал”-ын өдөр болгон жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэдэг. Уг тэмдэглэлт өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 5-нд тохиож байна.
“Монгол бахархал”-ын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ уламжлал 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл зохион байгуулагдаж байгаа юм.
"Чингис хаан" одонг жилд нэг л удаа олгодог. Харин энэ жилийн хувьд Чингисийн одон хүртээхгүй байхаар болжээ. Учир нь энэ оны тавдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээсэн билээ.