Монгол Улсын төсөвт cүүлийн хоёр жилд нэг их наяд төгрөг давсан орлогыг дарааллан төвлөрүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд явагдаж байна. 2020 онд 36.9 сая тонн хүдэр олборлон, 32.5 сая тонн хүдэр боловсруулан түүхэн дээд амжилт тогтоосон баялаг бүтээгч уурхайчид 2021 онд ч энэ амжилтаа ахиулахын төлөө хичээн ажиллаж байна.
Коронавирусын цар тахлын улмаас Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед, Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2021 оны эхний 10 дугаар сарын байдлаар үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ зуугаас дээш хувиар биелүүлж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газраас цар тахлын энэ хүнд цаг үед ард түмэндээ газрын хэвлийн баялгийн үр шимийг хүртээж, айл өрх бүрийн аж амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн түүхэн шийдвэр гаргаснаар Монгол орныхоо 21 аймаг 330 сум 450 мянган аж ахуйн нэгжүүдийн ус, дулаан цахилгааны мөнгийг он дуустал төлөхөөр шамдан ажиллаж байгаа билээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хоногийн 24 цагийн тасралтгүй, байнгын ажиллагаатай үйлдвэрийн газрын хувьд эмх цэгц, эв нэгдэл, ёс зүйг эрхэмлэж, технологийн горим, ажлын хариуцлага, аюулгүй ажиллагаа, сахилга дэг журам, зохион байгуулалтыг өндөр түвшинд байлган ЗОГСОХ ЭРХГҮЙ-гээр хариуцлагатайгаар ажиллаж байна.
Сурталчилгаа