Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч өнгөрсөн шөнө ажлын байран дээрээ амь насаа алдсан байна. Энэ талаар тус төвөөс мэдээлэл өгөхөөс татгалзсан бол Эрүүл мэндийн яамнаас тухайн эмчийн зүрх гэнэт зогссон гэсэн мэдээлэл өгөв. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийнхөн тухайн үед жижүүрт гарч байсан эмч шөнө нас барсныг өглөө мэдсэн байна.
Талийгаач эмэгтэй 40 гаруй насны, Эрчимт эмчилгээний тасгийн туршлагатай эмч байжээ.
ЭМЯ-наас "ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Х нь 2021 оны 11 сарын 02-03-нд шилжих шөнө энгийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ээлжийн эмчээр жижүүрлэн ажиллаж байсан юм. Их эмч Х нь 2021 оны 11 дүгээр сарын 03 өдрийн өглөө ажлын байран дээрээ гэнэт нас барсан байна.
Их эмч Х нь ажил үүргийнхээ дагуу өвчтөнгүүдээ үзэж дуусаад амрахаар амрах өрөөндөө орсон болно. Эмчийг өрөөнд нь орсноос хойш хэсэг хугацааны дараа сувилагч дуудахаар очиход зүрх нь зогссон байдалтай байсан бөгөөд яаралтай тусламжийн арга хэмжээг авсан боловч зүрх, амьсгал сэргээгүй.
Талийгаач Х нь хуваарийн дагуу ажилдаа гарахдаа ямар нэгэн зовиургүй байсан бөгөөд нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээний баг ажиллаж байгаа болно. Талийгаач Х нь энгийн эх барих эмэгтэйчүүдийн тасагт жижүүртэй хонож байсан болно.
Талийгч Х нь ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт 16 жил ажиллаж байсан туршлагатай эмч байлаа" гэж мэдэгдлээ.