Баруун Австралийн алслагдсан хэсэгт 18 хоног сураггүй алга болсон дөрвөн настай охиныг цоожтой байшингаас эсэн мэнд олдсон тухай цагдаа нар мэдэгдлээ.
Клео Смит аравдугаар сарын 16-нд Карнарвон хотын ойролцоох зуслангийн газраас гэр бүлийнхээ майхнаас алга болж, эрэн хайх ажиллагааг хийж байжээ.
Цагдаа нар Карнарвон дахь цоожтой байшинг орон нутгийн цагаар 01:00 цагийн үед эвдэж, түүнийг олсон байна.
Охиныг барьцаалсан байж болох 36 настай эрэгтэйг байцааж байгаа аж.
"Цагдаагийн бие бүрэлдэхүүн түгжээтэй байшин руу нэвтрэн орж, Клео охиныг нэг өрөөнөөс нь олсон" гэж Баруун Австралийн дэд комиссар Кол Блэнч мэдэгджээ. "Алба хаагчдын нэг нь охины гараас бариад "Чамайг хэн гэдэг вэ?" гэхэд "Намайг Клео гэдэг" гэж хариулсан" гэв.
Охиныг гэр бүлд нь хүлээлгэн өгчээ. Түүний ээж Элли Смит маш их баярлаж, Инстаграмдаа "Бид эргээд элэг бүтэн боллоо" гэж бичсэн байна.
Охиныг барьцаалсан эрэгтэй Смитийн гэр бүлтэй ямар нэгэн холбоогүй гэж цагдаагийн газраас мэдээлжээ. Албаныхан Клеогийн талаарх мэдээлэл өгсөн хүнд 1 сая австрали доллар амлаад байсан юм.
Эх сурвалж: ВВС