УИХ-аар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Сангийн яамнаас долоо хоног бүр хэвлэлийнхэнд төсвийн төслийн талаар мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулж байгаа юм.
Өнөөдрийн уулзалтад Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин нар оролцлоо.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин АСА циркийн асуудлаар "Монгол Улсын цирк бол соёлын салбарт томоохон хэмжээний экспорт хийдэг салбар. Циркийн уран бүтээлчид дэлхийн олон төрлийн циркийн урлагт очиж, Монголоо төлөөлж уран бүтээлээ туурвидаг. Циркийн барилгын хувьд 1971 онд ашиглалтад орсон. "Аса" групптэй хийсэн гэрээгээр чиг үүргээ тодорхой дурдсан. Ингэхдээ циркийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн авч явна гэсэн чиг үүрэгтэй. Тэгэхээр Монгол Улсын Соёлын яамны хувьд цаашид циркийг үйл ажиллагааны хувьд циркийн чиглэлээр нь авч явах ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа" хэмээв.