УИХ-ын гишүүн "Оргил"-ын гэх Ж.Ганбаатар Энканто тауныхаа урд байх явган хүний зам байсан хэсгийг машины зогсоол болгосон асуудлаар бид өмнө жил сурвалжилж байсан. Өөрөөр хэлбэл 584 метр квадрат бүхий нийтийн эдэлбэр газарт Камдер компани машины зогсоол барьсан юм.
Тухайн үед хот байгуулалт төлөвлөлтийн газрын мэргэжилтнээс энэ асуудлаар тодруулахад Камдер ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлсэн талаар хэлж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэх алхам хийгээгүй хэвээр байна. Иймд иргэдийн эрх ашиг зөрчигдсөн асуудлыг дахин сөхөж, нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөх шаардлагыг Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн иргэн А.Базартай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр, “Оргил худалдааны төв нийтийн газрыг хууль бусаар газар эзэмшиж байгааг чөлөөлж өгөөч гээд Нийслэлийн засаг даргад хандаж, захиргааны анхан шатны шүүхэд өгсөн. Тэр нь өнгөрсөн жилийн 8, 9 дүгээр сарын үед байсан. Би өөрөө хуульч. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр л газрыг эзэмшиж ашиглана. Оргил худалдааны төвийн хувьд эдэлбэрээсээ хэтрүүлээд ашиглаж байгаа. Тэр утгаараа чөлөөлөх ёстой. Газрын тухай хуульд хэрвээ гэрчилгээгүй байвал мэдэгдэл өг. Мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөхгүй байвал албадаж чөлөөл гэдэг. Газрын албанаас нэг удаа мэдэгдэл өгсөн байдаг юм. Мэдэгдлийг нь биелүүлээгүй. Түүнээс хойш ямар ч арга хэмжээ аваагүй. Тэгэхээр засаг дарга хуульд заасан арга хэмжээгээ бүрэн аваагүй байгаа л гэсэн үг. Хэлбэр төдий арга хэмжээ авчхаад байна. Бид цаас хүргүүлсэн гэдэг байдлаар л хандаад өдий хүрчихлээ.
НМХГ, Цагдаагийн байгууллагаас энд хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөж байна гэдэг дүгнэлт гаргасан. Тодорхой албан тушаалтан УИХ-ын гишүүний компани байгаа учраас арга хэмжээ авахгүй байна уу гэх хардалт байна. Бусад байгууллага, иргэд ийм байдлаар зөрчил гаргасан байвал арга хэмжээ аваад л байдаг. Үүн дээр бүр шүүхээр маргаад байхад арга хэмжээ авахгүй байна. Анхан шатны шүүх энэ газар гэрчилгээгүй байна, үүнийг чөлөөл гэсэн байхад хотын дарга Д.Сумъяабазар гэх хүний төлөөлөгч нь бид үүнийг зөвшөөрөхгүй гэдэг байдлаар гомдол гаргаж яваад байна шүү дээ. Энд ямар нэг байдлаар хувийн ашиг сонирхол байгаа юм биш үү. Нийтийн ашиг сонирхлыг хангая, хууль хэрэгжүүлье гэсэн бол үүн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөх байсан” гэв.
Харин Хот байгуулалт хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаа,
“Камдер компанийн эдэлбэр газраас хэтрүүлээд зогсоол хийсэн. Тухайн асуудлаар манай байгууллагаас 2017, 2019 онд албан бичиг мэдэгдэл шаардлага хүргүүлж байсан. Үүнээс хойш замыг чөлөөлсөн гэж мэдээлээгүй. Яг одоо үйл ажиллагааг нь зогсоох, очиж хяналт тавих эрх НМХГ-ын байцаагчдад байгаа. Бидэнд тийм эрх байхгүй” гэсэн тайлбар өглөө.
Мөн явган хүн алхах замгүй газар Зайсангийн Оргилын баруун урд талд байрлаж байгаа. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр энэхүү барилгын түр хашаа барьсан газрыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эзэмшдэг гэв. Бид үүнийг Газрын албанаас тодруулахаар очсон боловч энэхүү газрыг хэн эзэмшдэг талаар мэдэгдэх боломжгүйг хэлсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас үүнийг тодруулахаар удаа дараа залгасан боловч утсаа аваагүй. Мөн мессежээр энэхүү газар таны эзэмшил мөн үү гэсэн тайлбар хүсэхэд ямар нэг хариу илгээгээгүй юм.
Бид энэхүү барилгын түр хашаанд ямар нэг барилга барих гэж байгаа эсэх талаар хот байгуулалт төлөвлөлтийн газраас тодруулахад ямар ч барилга барих зураг батлуулаагүй талаар хэлсэн. Мөн мэргэжилтний мэдээлснээр барилгын түр хашааг заавал барилга барих гэж байгаа тохиолдолд, өөрөөр хэлбэл барилгын зургаа батлуулсан тохиолдолд түр хашаа барих ёстой гэсэн юм. Гэсэн ч энэхүү газар түр хашаа барьсан нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг боомилсоор байна.
Иймд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар та иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудлуудыг анхааралдаа авч шаардлагатай, шийдвэртэй алхмуудыг хийнэ үү! Хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой ч УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт хууль нөлөөлөхгүй, шүүхийн шийдвэр, хотын захиргааны мэдэгдэл ч хүч хүрэхгүй байсаар байна.