Барилгын компаниудын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж буй барилгын компаниуд алдагдалд орж байгаа талаар мэдээллээ.
Тэд өмнө аравдугаар сарын 11-нд Сангийн яамны өмнө мэдэгдэл хийж Засгийн газарт албан шаардлага хүргүүлсэн ч хариу өгөөгүй байгаа аж.
Барилгын компаниудын захирлуудаас бүрдсэн "Монголын барилгын нэгдэл" нь барилгын материалын үнийн өсөлтийг ирэх оны төсөвт суулгуулахыг хүсэж байна.
Компаниуд үнийн өсөлтийг нөхөхийн тулд өөрсдөөсөө мөнгө гаргасан бөгөөд нийт 60 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна гэв.
Тэд "Барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг хүсэж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол 400 гаруй барилга, 200 гаруй компанийн үйл ажиллагаа зогсохоор байна.
Одоо хэчнээн сая төгрөгийн өрд баригдаж ажилчдаа цалинжуулж чадахгүй байдалд хүрч байна. Энэ чигээрээ байвал барилгын салбарын компаниудын 70-80 хувь нь дампуурах хэмжээнд хүрчхээд байна.
Гишүүд бидний зовлонг ойлгосон. Улс хариуцлага хүлээж нөхөн олгох нь зөв юм байна гэж байгаа ч ганц Сангийн сайд л зөвшөөрөхгүй байна.
Сангийн үнийн өсөлтийг түр зуурынх гэсэн. Гэтэл үнийн өсөлт 5-6 сар үргэлжлээд нийгэмд хор уршиг нь гарчхаад байна.
Бид өнөөдрийг хүртэл хэн нэгнийг уриалж, турхираагүй, төр засагтайгаа ойлголцохыг хичээсэн. Харин өнөөдөр маргаашдаа хараад цаашдаа тодорхойгүй хэвээр байвал өлсгөлөн зарлана.
Гэр орон байр сууцаа зараад үнийн өсөлтийг нөхөх гэж оролдсон захирлууд өнөөдөр хүнд байдалд байна. Төсвийг задлахгүй учраас төсвийг дагуулж тогтоолын төсөл гаргахаар бол үүнийг тусгаж өгөхийг хүсэж байна.
Үнийн зөрүүний санхүүжилтийг 2022 онд шийдэж өгөхгүй, 2023 он руу шилжүүлэх хандлагатай байна. Энэ хугацаанд хичнээн компани дампуурч, хэдэн хүний амь нас хохирохыг мэдэхгүй байна. Нөхцөл байдал маш хүнд байгааг ойлгохгүй байна. Ямар ч хариу өгөхгүй алга болчихдог.
Төрийн ажлыг хийсэндээ тартагтаа тулаад сууж байна. Яам ажлаа хийж чадахгүй байна. 60 тэрбум төгрөг бол нэг том компанийн халаасны л мөнгө шүү дээ.
Үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол ирэх жилийн улсын тендерт орох компани олдохгүй, Мөн ийм байдалтай болоод үлдэх тохиолдол олон гарах эрстэлтэй" хэмээв.