2021 оны аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого улс орон даяар эхэллээ.
Энэ талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлж тооллогын эдийн засгийн ач холбогдол, хамрах хүрээ, явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.
ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэн:
toollogo.1212.mn сайтад ААН-үүд болон хувиараа бизнес эрхлэгчид etax буюу татварын мэдээллийн сангийн бүртгэлээрээ нэвтэрнэ. Хэрэв бүртгэлгүй бол emongolia-д бүртгэлтэй эрхээрээ хандах боломжтой.
2021 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө үүсгэн байгуулагдсан ААН байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид бүртгүүлэх боломжтой.
Энэ удаагийн тооллого нь 100 хувь цахимаар болох ба төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглаж байгаа ба төрийн байгууллагад мэдүүлсэн тоон мэдээллийг нь ашиглана. Харин төрийн байгууллагуудаас гарах боломжгүй мэдээллийг ААН, хувиараа бизнес эрхлэгчид бөглөх хэрэгтэй.
Мөн сайтад онлайн тусламж үйлчилгээг хүргэхээс гадна шаардлагатай мэдээллээ 75331212 утсаар авах боломжтой юм. Энэ удаагийн тооллого нь зөвхөн ААН-ын тоог гаргах бус Монгол улсын ЭЗ-ийн цогц судалгаа юм.
Асуумж нь дараах 5 төрлийн маягттай байх юм.
- Аж ахуй нэгж
- Хувиараа бизнес эрхлэгч
- Төсөвт байгууллага буюу төрийн болон орон нутгийн өмчит
- Төрийн бус байгууллагууд
- Салбар компаниуд /толгой, охин г.м/
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин:
Хэрэв бид мэдээллийг цуглуулж чадвал ковидын үед эдийн засгийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр болох болно. Тиймээс өмнө нь цаасаар авдаг шиг биш учир ААН, байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид тооллогодоо цахимаар хамрагдаж, богино хугацаанд бүртгүүлэх боломжтой давуу талтай учир идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Тооллогын үр дүн нь та бүхний үйл ажиллагааг сэргээх хамгийн бодитой "хөрс" болох болно. Өөрөөр хэлбэл тооллого цаг үеийн хувьд маш ач холбогдолтой юм. Тухайлбал тухайн ААН ажлын байраа хадгалж үлдсэн эсэх, цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үү, үйл ажиллагаагаа явуулахад тулгардаг бэрхшээл, төрийн хүнд суртал байдаг эсэхэд хариулт авч өргөнөөр цуглуулсан мэдээлэлдээ цаашдаа анализ хийн, салбаруудыг хэрхэн хөгжүүлэх, төрийн зөв бодлого шийдвэрийн суурь болж, бодитой шийдвэр гаргахад нөлөөлөх болно. Тиймээс жижиг, том гэлгүй цахим хөгжсөн энэ цаг үед бүх ААН, байгууллага тооллогодоо идэвхтэй хамрагдахыг хүсье.
Монгол Улсад 200 гаруй ААН бүртгэлтэй байдаг ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж, татвараа төлдөг нь 50 хувь нь байдаг. Тооллогын үр дүнгээр татварын ерөнхий газартай хамтран ажиллаж татан буулгах шаардлагатайг нь цуцална.