Ням гарагийн орой Batman комикийн Joker-ийн дүрээр хувцасласан 24 настай эрэгтэй Токио хотын метронд халдлага үйлдэж, 17 хүнийг хутгалж шархдуулжээ.
Хохирогчдоос цээжиндээ хутгалуулсан 70 гаруй насны эрэгтэйн бие хүнд байгааг цагдаагийн газар мэдээлсэн байна. Тухайн үед Халлоуины баярт оролцохоор хотын төв рүү явж буй олон зорчигч метронд байжээ.
Хэргийн газраас Кёта Хаттори нэртэй этгээдийг цагдаа нар сэжигтнээр баривчилсан байна. Тэрбээр мөрдөн байцаагч нарт мэдүүлэхдээ “аль болох олон хүний амийг хөнөөх зорилготой байсан” гэж хэлжээ.
Интернэтэд тавигдсан видеонд хүмүүс галаас зугтан галт тэрэгний цонхоор үсэрч байгаа нь тод бичигдэж үлджээ.
Интернэтэд тавигдсан бичлэгүүдийн нэгийг хийсэн Шюнсуке Кимура NHK телевизэд ярилцлага өгөхдөө нүднийх нь өмнө болж өнгөрсөн үйл явдлыг “Аймшигтай” гэж тодорхойлоод “Галт тэрэг ослын зогсолт хийсэн. Яг юу болоод байгааг бид сайн ойлгоогүй ч галт тэрэгнээс гарахын түүс болцгоосон. Хаалга хаалттай байсан болохоор бүгд цонх руу тэмүүлж байлаа” хэмээн ярьжээ.
Гэмт этгээд нэг гартаа гал тогооны хутга, нөгөө гартаа шатагч шингэнтэй сав барьж явсан байна. Тэрбээр шингэнээ зорчигчдын суудлууд дээр асгаж гал тавьснаар галт тэрэгний бүхээг утаанд автжээ.
Эхэндээ хүмүүс үүнийг Халлоуины баярт зориулсан ямар нэг наргиан гэж бодож байсныг нэг гэрч ярьсан байна.
Токио хотын баруун дүүргийн Хачёжи өртөөнөөс Шинжүкү чиглэлд аялж байсан галт тэргийг Чофу өртөөнд зогсоож, гарсан галыг 30 минутын дотор унтраажээ.