Хүний тархины хөгжлийн 70-80 хувь нь 0-5 насанд бүрэлдэн бий болдог байна. Тэгэхээр 0-5 нас буюу цэцэрлэгийн насанд хүүхдүүдийн суурь хүмүүжил тавигддаг гэсэн үг. Энэ насанд хүүхдийн онцлог, сэтгэл зүйд тохирсон арга барилаар харьцах шаардлагатай юм. Иймд бага насны хүүхдээ хэрхэн зөв ойлгож, ярилцах талаар Q Kids цэцэрлэгийн эрхлэгч болон сэтгэл зүйчээс дараах зөвлөгөө мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
"Сэтгэл зүйн суурь төлөвшил тавигдаж байгаа насанд эцэг эхчүүд хүүхдээ сэтгэл хөдлөлөө гарган илэрхийлж сурахад өөрсдөө үлгэрлэж зааж өгөх хэрэгтэй"
Энэ талаар "3-6 зарим тохиолдолд 5-6 насны хүүхдүүдэд тархины үсрэнгүй ямар хөгжил явагддаг вэ гэхээр шинэ зүйлийг танин мэдэж байдаг. Өөрөөр хэлбэл тархинд мэдрэлийн эсийн шинэ холбоос үүсэж байдаг. Яагаад энэ насандаа хэл сурах, олон ном унших нь сайн байгаад байна вэ гэхээр тархин дахь мэдрэлийн эсийн холбоосыг улам сайн, олон болгож байгаа учир шалтгаантай. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүн өдөрт 50 мянган бодол бодож, 400 сэтгэл хөдлөл мэдэрдэг гэсэн тооцоо байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ аз жаргалтай үед нь яагаад чи баяртай байсан бэ, найзтайгаа гоё байсан уу гээд ярилцдаг шүү дээ. Тэгэхэд бид гунигтай үед нь ч юм уу ууртай үед нь энэ жоохон биеийн хаанаас нь ийм их уур гардаг юм, жоохон хүүхэд байж инээгээч юундаа гуниглаж, уйлдаг юм гэдэг. Тэгэхээр энэ сөрөг сэтгэл хөдлөл нь дарагдаад эхлэхээр дараа нь хүүхэд насанд хүрсэн хойноо жишээлбэл ямар нэгэн гашуудах үйл явдал болоход уйлж чаддаггүй. Сандарч түгшсэн үедээ тухайн сэтгэл хөдлөлөө бас гаргаж чадахгүй байгаад байдаг. Сэтгэл зүйн суурь төлөвшил тавигдаж байгаа энэ үед нь хамгийн түрүүнд өгөх зөвлөгөө бол эерэг ч бай сөрөг ч бай сэтгэл хөдлөлөө гаргаж, илэрхийлэх энэ аргуудад эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэж дандаа зааж өгөх хэрэгтэй" гэж сэтгэл судлаач П.Сувданчимэг зөвлөлөө.
-Бага насны хүүхдийн хувьд уурлах үед өөрийгөө тайвшруулах арга барил гэж байдаггүй-
"Хүүхдүүдийн хувьд өөрийгөө илэрхийлэхэд маш олон төрлийн сэтгэл хөдлөлүүдийг гаргаж байдаг. Жишээлбэл уурлах, баярлах, гуниглах, хайрлах гэх мэт. Бага насны хүүхдийн хувьд уурлах үед өөрийгөө тайвшруулах арга барил гэж байдаггүй. Тухайн орчин нөхцөлд ямар үйл явдал болж байна түүнээс хамаараад өөрийгөө шууд илэрхийлдэг. Хүүхэд хашхирсан, бухимдсан энэ тохиолдолд эцэг эхчүүд яах ёстой вэ гэвэл эхлээд маш сайн ажиглана. Тэгээд хүлээцтэй байна. Түүний дараагаар хүүхдэд тайвшрах боломжийг олгох хэрэгтэй. Хэсэгхэн хугацаанд тухайн хүүхэд маань тайвшраад анхаарал нь төвлөрсний дараагаар юу болсон тухай, яагаад уурласан тухай, магадгүй яагаад ийм үйл явдал болсон тухай тайлбарлаж өгч болно. Энэ тохиолдолд хүүхдүүд маань маш амархан ойролцоогоор 10-20 секундийн хугацаанд тайвширдаг. Ярилцсаны дараа заавал тэврэлт юм уу сайхан үгийг хэлэх хэрэгтэй" хэмээн Q Kids цэцэрлэгийн эрхлэгч Д.Одмаа хэллээ.
Хүүхдийн сэтгэл зүйн тухай "Бид нохойд хөөгдөхөөр яадаг вэ? Эргэн тойронд юу болж байгааг анзаарахгүй айсандаа хурдан гүйдэг шүү дээ. Хурдан гүйж булчинг идэвхжүүлэхийн тулд ходоод болон дух буюу бодох хэсэг унтарчихдаг. Өөрөөр хэлбэл хүн сурах хэсэг буюу духны хэсэг идэвхтэй ажиллаж байж аливаад суралцдаг. Тэгэхээр загинуулчихсан, ангийнх нь хүүхэд нь юмыг нь булаагаад авчихсан эсвэл дэвтрийг нь түлхчихсэн, тоглоомыг нь булаагаад авчихсан хамт тоглохгүй байгаа энэ бүх тохиолдлуудад хүүхдэд аюулгүй мэдрэмж нь байхгүй болж байдаг.
Тийм учраас хүүхэд сэтгэл зүйн хувьд тайван байж юм сурдаг. Тэгвэл яаж тайван болдог юм бэ гэхээр нүд нь багшийгаа харна, чих нь багшийгаа сонсоно. Мөн ам нь юм ярихгүй, бие нь тайван байх юм бол одоо чи сайн сурна гэдгийг хичээлийн эхний 1-2 сарын турш бид зөвхөн суралцах чадвартай холбоотой хичээлүүдийг цэцэрлэг дээрээ ордог. Хэрвээ бид сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй байх юм бол онц сурах, олимпиадад бэлдэх гээд энэ процессууд байх боломжгүй болчхоод байгаа юм. Хүүхэд төрөхөөсөө эхлээд л сэтгэл хөдлөлийг мэдэрч байдаг.
Тэгэхээр энэ сэтгэл хөдлөлийг багаасаа удирдаж, таньж, зохион байгуулж, зохицуулж сурах нь бидний том болоод амжилттай хүн болох уу? Юмыг зөв хүлээж авах уу? Ойлгох уу? гээд дараа дараагийн суралцах процессуудын суурь нь болж байдаг. Тэгэхээр хүүхдээ сэтгэл хөдлөлөө удирдах чадваруудад багаас нь ялангуяа хөтөлбөртэйгөөр сургах нь маш чухал.