ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
-Бага насны хоёр хүүхдээ хүчирхийлсэн хэрэг гарсан. Өршөөлийн хуулиар суллагдсан иргэн энэ хэргийг үйлдсэн гэж үнэн үү?
-Тухайн этгээд урд нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдээд шүүх ял шийтгэгдэж суллагдсан байсан этгээд дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн. Бага насны хүүхдээр бэлгийн дур хүслээ хангах хэрэг үйлдэн ялаа эдлээд шүүхээс суллагдаад дахин шалгагдаж байна. Шалгах ажиллагаа үргэлжлэн явж байна. Шүүхийн шийдвэрийг бид мэдэхгүй. Тухайн хэргийг лавлахад анхны авсан ял дээрээ давж заалдсан байсан. Ингэснээр ялын хугацаа багасаж таван жил болсон гэх мэдээлэлтэй байгаа. Мөн тухайн этгээд хорих ангид ял эдэлж байхдаа ажил эрхлэх ч гэдэг юм уу энэ бүхэн тооцогдоод, 2018 онд өршөөлийн хууль гараагүй. Ямар ч байсан хугацаанаасаа өмнө суллагдсан байна. Ямар үндэслэлээр хугацаа нь багассаныг шүүхийн байгууллагаас тодруулах хэрэгтэй. Энэ этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явж байгаа. Ял шийтгэлээ эдлээд гараад ирчихсэн хүнийг хянах нь хуулиараа төвөгтэй. Тэнсэн суллагдсан бол хяналтдаа байлгана. Удаа дараа ийм хэрэг үйлдсэн хүмүүсийг цагдаагийн байгууллага тодорхой хэмжээгээр хяналтдаа байлгаж хорооны хэсгийн байцаагч хянадаг. Тухайн этгээд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Гэхдээ өдөр бүр хянах боломжгүй учраас гэр бүлийнхэн нь анхаарах хэрэгтэй.
-Хүүхдүүдийн биеийн байдал хэр байна вэ?
-Хүүхэд хамгааллын хамтарсан баг үүн дээр ажиллаж байна. Дүүргийн хүүхэд хөгжлийн газраас энэ талаар тодруулаарай. Хүүхдүүдийг хамгаалах төв рүү авч явсан гэх мэдээлэл байна.
–Өсвөрийн насны хүүхдүүд амиа хорлож байна. Өчигдөр 15 настай охин галт тэргэнд дайруулж амиа алдсан хэрэг гарчээ?
-Чойр-Улаанбаатарын галт тэргэнд хүн дайруулж нас барсан гэх мэдээ өчигдөр 10:00 цаг өнгөрч байхад ирсэн. Цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр мөрдлөгийн ажил эхлүүлсэн. Өсвөр насны хүүхдүүд шилжилтийн насандаа сэтгэл санаа тогтворгүй байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүтэйгээ харицахдаа хэт их бодлоо тулгахгүй, хатуу ширүүн үг сонгохгүй байх хэрэгтэй. Одоо цаг өөр болсон. Хүний сэтгэл эмзэг, мэдрэмтгий болсон. Сэтгэлийн дархлаатай болох тал дээр нас насныхан анхаарах хэрэгтэй. Мэдээж эцэг эхчүүдийн харилцаа хандлага байх ёстой.