Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1636 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас баржээ.
Тус яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр "Франц, Англи, Испани зэрэг улс нийт хүн амын 68-69 хувийг дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамруулсан. Эдгээр улсад нас баралтын хувь бага байна. Харин нийт хүн амынхаа 20 гаруй хувийг хоёр тунд хамруулсан зарим улсад нас баралт өндөр буюу 4.5 хувьтай байгаа. Эндээс вакцины үр дүнг харж болно.
ОХУ хүн амныхаа 32 хувийг дархлаажуулалтад хамруулсан байна. Тус улсад өнгөрсөн долоо хоногоос халдварын тархалт эрс нэмэгдсэнийг мэдээлсэн. БНХАУ-ын 11 мужид дэгдэлт гарсныг зарлалаа.
Монгол Улсын хувьд нийт хүн амынхаа 67 хувийг дархлаажуулалтын хоёр тунд хамруулсан. Вакцин үр дүнтэй байгаа нь нас баралт 0.5 хувиар буурснаас харагдаж байна. Мөн дельта давлагаа тогтворжсон, алсдаа буух хандлагатай байгаа" гэв.