Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюу толгойн асуудлаар байр сууриа илэрхийлсэн видео бичлэгийг өөрийн цахим хуудаснаа байршууллаа.
Онцлох эшлэл
Үе үеийн Засгийн газрууд Оюу толгойн энэ том төсөл, хөтөлбөртэй холбогдуулж өөр өөрөөс холбогдох шийдвэрүүдийг тухайн үеийн эдийн засаг, улс төрийнхөө нөхцөл байдалтай холбогдуулан гаргаж ирсэн.
- 2009 онд С.Баярын Засгийн газрын үед Оюу толгойн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, мөн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах, Ил уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх асуудлуудыг шийдсэн
- 2011 онд С.Батболдын Засгийн газрын үед Монгол Улсад ирэх Засгийн газрын үр өгөөжийг нэг тэрбум америк доллараар сайжруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хийжээ.
- 2015 онд манай Засгийн газрын үед та бидний нэрлэж заншсан Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталж чадсан юм. Тэр үеийн эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй, хямрал нүүрлэсэн, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан нөхцөл байдалд бид энэхүү төслийг хөдөлгөж чадсан. Тухайн үед Рио Тинто компани хоёр жил байтугай хэсэг хугацаанд бид далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхгүй, ил уурхайгаараа үргэлжлүүлээд явж байна гэдэг байр суурьтай байсан. Ийм хүнд хэцүү нөхцөлд бид 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын үр өгөөжийг 53 хувьд нь хүргэж чадах гэрээ хэлэлцээрүүдийг тухайн үед нь байгуулж чадсан юм.
Далд уурхай 2023 он гэхэд ашиглалтад орохоор байгаа. Өөрөөр хэлбэл хэрвээ өнөөдөр Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэрийг гаргаж чадлаа гэж бодоход найман жилийн бүтээн байгуулалт хэрэгтэй байна.
Хэрвээ манай Засгийн газар энэ шийдвэрийг тухайн үед цаг хожиж гаргаж чадаагүй бол 2030 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалт дуусаагүй, далд уурхай ажиллаж эхлэхгүй байсан гэж бодохоор Монгол Улс хичнээн их хэмжээний ашиг, орлогоо алдах байсан нь зөвхөн дээрх хоёр жишээнээс шууд харагдаж байгаа юм.
- Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгджээ. Тухайлбал Рио Тинто компанийн ганцаараа хоёр жил байтугай хэсэг хугацаанд хүлээж чадна гэсэн байр суурь үгүй болсон. Яагаад гэвэл Дубайн гэрээний ач тусаар олон улсын банк, санхүүгийн 15 байгууллага өнөөдөр өөрийн хөрөнгө оруулалт, зээлийг оруулсан учраас Рио Тинтод одоо цаг хугацааг хойшоо тавьж, хүлээж суух бололцоо байхгүй. Энэ шинэ нөхцөл байдлаа, энэ шинэ “хөзөр”-өө Монгол Улсын Засгийн газар гүйцэд ашиглах хэрэгтэй.
- Магадгүй энэ гэрээ хэлэлцээрийн үр дүнд өнөөдөр зарим асуудлыг шийдэх бололцоо гарч ирэх байх. 50, 60, 70 хувиар зарим асуудлыг шийдчихэд Монгол Улсын Засгийн газрын хувьд бол том амжилт болно. Гэхдээ ард чинь мэдээж популист улс төрчид хүлээж байгаа. Нэг үгээр хэлбэл яагаад заавал 50, 60, 70 хувиар шийдэж байгаа юм, яагаад 80, 90, 100 хувиар шийдэж болоогүй юм бэ гэдэг энэ улс төржилт бол байнга явагдана.
Том төсөл хөтөлбөр цаг хугацааны эрхэнд байнга сайжирч, шинэчлэгдэж байдаг утга учиртай.
- Үүнийг таны сайн мэдэх Эрдэнэт төсөлтэй харьцуулж тайлбарлая. Эрдэнэт үйлдвэрийн төсөл бол анх 1973 онд Монгол Улс өөрөө нийгмийн огт өөр байгуулалтай байх үед анх гэрээ хэлэлцээр нь байгуулагджээ. Тухайн үед ЗХУ, Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг нэг тэрбум шилжих рублиэр үнэлж, үүний тал хувь буюу 500 мянган шилжих рублийг Монгол Улс өөрөө хөрөнгөөрөө гаргана. Энэ хөрөнгөө Эрдэнэтийн зэсийн хүдэр, баяжмалаасаа Монгол Улс төлнө шүү гэдэг үндсэн нөхцөлтэй гэрээг тухайн үед хийж байсан.
- Гэхдээ ЗХУ дэлхийн зах зээлийн үнээр Эрдэнэтийн зэсийн хүдэр, баяжмалыг аваагүй. Маш олон жил дэлхийн зах зээлийн үнээс хамаагүй доогуур буюу өөрсдөө хийсвэрээр тогтоосон хамгийн бага үнээр авч байсан. Мөн Монгол Улс 1973 оноос эхэлсэн энэ төслийн олонх хувь буюу 51 хувийг авах шийдвэрийг 1991 онд анх гаргаж байсан байдаг.
- 1973 онд эхэлснээсээ хойш Гэрээ хэлэлцээрийн тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан 2002 оноос зарим татвараа төлж эхэлж байсан түүх ч бас байдаг. 2016 онд манай Засгийн газрын үед Эрдэнэт үйлдвэрийн харь улсад байсан 49 хувийг Монгол Улсад авчрах, Монгол Улсын нийт 100 хувийн өмч болгох түүхэн шийдвэрийг гаргаж байсан. Үүний ач тусыг ч айл өрх бүр өнөөдөр хүртэж байгаа нь бас маргашгүй баримт билээ.
Том төсөл хөтөлбөр дандаа цаг хугацааны явцад ийнхүү сайжирч, Монгол Улсад ирэх үр ашиг нь улам бүр нэмэгдэж байдаг утга учиртай. Тийм учраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч гэсэн ийм шийдвэрийг гаргаж байгаа эхний Засгийн газар ч биш, бас эцсийн Засгийн газар ч биш ээ гэдгийг бас ойлгох учиртай.
- Ажлын хэсгийг ахалж байгаа Х.Нямбаатар сайд олон улсын ийм том Транснационал компанитай ил тод гэрээ хэлэлцээ хийж байх үед ямар нэг авилга авч өгөх тухай асуудал, эсхүл хууль бус ямар нэг асуудал гаргах боломж огт байдаггүй юм гэдгийг алхам тутамдаа ухаарсан байх. 2009 онд ч ийм байсан, 2015 онд ч ийм байсан, өнөөдөр 2021 онд ч бас ийм байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг гэрээ хэлэлцээр дуусаад л маргаашаас нь эхлэн яагаад та нар 100 хувь шийдээгүй юм, яагаад тэр асуудлаа шийдээгүй, яагаад энэ асуудлаа орхигдуулсан юм гэдэг улс төржилт бол байнга явагдана.
- Засгийн газар гэдэг бол дандаа урагшаа харж асуудлаа шийдэж явдаг, тэрнээс биш урд урдах Засгийн газруудтайгаа улс төрийн хэрүүл хийгээд улс төрийн хилс хэрэг үүсгээд энэ асуудалтай холбогдож байсан тухайн үеийн Засгийн газрын удирдлага, тэр үеийн хүмүүсээ ийнхүү улс төрийн хэрэгт холбогдуулж явах нь ямар ч утга учиргүй зүйл юм.
Би Засгийн газарт улс төрөө бага хий, PR-аа бага хий, урдах ажлаа нугал, урагшаа харж ажилла гэж хэлмээр байна.
- Манай Засгийн газар ч гэсэн 2015 онд Дубайн гэрээг байгуулсны дараа Засгийн газарт итгэл хүлээлгэх үү, үгүй юу гэдэг асуудлыг тухайн үеийн УИХ дээр шийдвэрлүүлж байсан.
- Тухайн үед УИХ-д АН өөрөө олонхийн суудал аваагүй байсан хэдий ч Дубайн гэрээнээс шалтгаалж эсвэл Оюу толгойн том төслөөс болж Засгийн газрын огцруулах асуудал байхгүй гэдэг улстөрийнхөө шийдвэрийг тухайн үеийн парламент гаргаад явж байсан түүх бий.
Цаашдаа ч тухайн цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалан Оюу толгойн төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөж нь байнга улам сайжирч явна гэдэгт би огт эргэлздэггүй.
- Амаргүй, хүнд хэцүү гэрээ хэлэлцээний ажилд чинь та бүхэнд амжилт хүсэж, урагшаа харсан зохих шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргах болтугай гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна.