Цагдаагийн байгууллагад 10 дугаар сарын 28-ны 22:10 цагт "Багахангай дүүргийн 2 дугаар хороо “Төмөр замын 510-р километрийн 6-р зуутад галт тэргэнд дайруулсан хүн байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгалт явуулахад тус хорооны оршин суугч 15 настай эмэгтэй Ц гэгч нь Чойр-Улаанбаатар чиглэлийн ачааны 2651-р галт тэргэнд дайрагдаж, нас баржээ. Шалгалтын ажиллагаагаар урьдчилсан байдлаар амь хохирогч ээжтэйгээ маргалдаад гэрээсээ гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд, өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд дараах зөвлөгөөг хүргэе.
Өсвөр насныханы санаа зовдог, сэтгэл судлаачид ханддаг томоохон асуудал бол уур бухимдал байдаг. Тэдний хувьд харилцааны чадваруудыг олж эзэмшиж байгаа ч түүнийгээ хараахан бүрэн ашиглах чадваргүй байдаг. Тийм учраас ихэнх өсвөр насныханд тэднийг ойлгох, хүлээцтэй сонсох, дэмжих хамгийн дотны хүмүүс буюу хүлээцтэй эцэг эхчүүд хэрэгтэй байдаг. Энэ нь эцэг эхчүүд хүлцэнгүй бай гэсэн үг биш. Мэдээж эцэг эхчүүд хүүхдүүддээ шаардлага тавих, хяналттай байх хэрэгтэй. Харин тэдэнтэй ярилцах үедээ хүлээцтэй сонсож чаддаг байх нь чухал. Энэ дээр нэг зүйл нэмж хэлэхэд эцэг эхчүүд хүүхдийнхээ хувьд үлгэр дууриал авдаг “баатар”-тай адилхан. Тэд ярихдаа дуугаа өндөрсгөх эсвэл үл тоомсорлож эхлэвэл хүүхдүүд ч мөн түүнийг нь дууриадаг.
Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд нь дурсамжуудыг илүү бат бөх хадгалахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл тэд болж буй үйл явдал, нөхцөл байдалд насанд хүрэгчид болон бусад насны хүүхдүүдийг бодвол илүү мэдрэг ханддаг.
Тиймээс тэд аль болох таатай дурсамж болон үр дүнтэй туршлага хуримтлуулах хэрэгтэй.
Цаашлаад нийгэмд амжилттай байх буюу бие хүний төлөвшлийн суурь чадваруудын 70 хувийг өсвөр насанд бүрэлдэн тогтдог. Дурсамж болон туршлагаар дамжуулан хүүхдийн төлөвшилд эерэгээр нөлөөлхийн тулд баримтлах хэд хэдэн зарчим бий. Эдгээр нь:
- Хүүхдэд бодит мэдээлэл өг. Гэр бүл доторх харилцаа, нийгэмд болж буй үйл явдлыг нуухаас илүүтэй тэдэнд зөв мэдээллийг өгөх нь тухайн асуудлыг даван туулхад туслах болно
- Тэдэнд хариуцлага хүлээлгэ. Өсвөр насныхан өөрийгөө хамгийн чухал гэж үзэх нь элбэг байдаг учир бусад хүний өмнө хариуцлага хүлээлгэж сургах хэрэгтэй. Үүний тулд гэр бүл дотор ямар үүрэг (гэрийн ажилд оролцох, ээж ааваа сонсох, дүү нарынхаа хичээлийг хийлгэх гэх мэт) гүйцэтгэх вэ гэдгийг нь тодорхой болгож өг.
- Харилцаа холбоогоо тасалдуулж огт болохгүй. Ямар нэг эрсдэлт үйлдэл (тамхи татах, гадуур тэнэх, тоглоомд донтох, анимед донтох гэх мэт) хийж буй хүүхдүүдийн цаана хайр халамжийн дутагдал байдаг. Тиймээс тэдэнтэй ярилцахаа хэзээ ч зогсоож болохгүй.