Монголын аялал, Жуулчлалын холбоо Байгаль орчин аялал жуулчлалын яам хамтран “ITM 2021” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд 21 аймгийн аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцож байгаа. Үзэсгэлэн болох өдрүүдэд Аялал жуулчлалын салбарыг сэргээхээр судлаачид хэлэлцэж, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх юм.
“ITM 2021” олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн үеэр аялагч Г.Ганхүүтэй ярилцаж салбарын хөгжлийг сайжруулахын тулд юу хийвэл зохих талаар байр суурийг нь сонслоо.
Тэрбээр, “Аялал жуулчлалын салбар бол манайд дөнгөж хөгжиж байгаа. Гадаадын улс орнуудад явж байхад Монгол гээд хоёр зүйлийг л ярьдаг. Нэг нь Чингис хаан, нөгөө нь аялал жуулчлалын талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тэгэхээр онцлогоо харуулсан сурталчилгаагаа сайн хийх ёстой юм болов уу гэж хардаг. Би Ерөнхий сайдтай уулзаж байхдаа нэг зүйлийг онцолж байсан. Монголынхоо онцлог түүхийг харуулсан том хэмжээний түүхэн кино Холливуудтай хамтарч хийх юм бол урлагаар улсаа богино хугацаанд сурталчлах бололцоотой юм. Ерөнхий сайд үүнийг дэмжиж байсан.
Олон улсаар явж байхад зөвхөн аялал жуулчлалын салбараар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 90 хувийг оруулдаг улс хүртэл байна. Мальдив гээд улсыг та бүхэн мэднэ. 99 хувь нь зөвхөн аялал жуулчлалын салбараар амьдардаг. Тайланд бол 60 хувь.
Төр засгийн анхаарах зүйл гэвэл, манайх далайд гарцгүй 30 гаруй орны нэг шүү дээ. Тэр тусмаа хоёрхон улсаар хиллэсэн байдаг. Аялал жуулчлал хөгжихөд хамгийн их саад болж байгаа зүйл нь тээврийн асуудал. Тэр дундаа МИАТ-ийн асуудал байгаа. Аль болохоор урсгалыг бий болгох ёстой. Жишээ нь Монгол руу ирэхэд хамгийн үнэтэй тасалбараар ирж байна. Тийм жуулчид хэд байгаа билээ. Гэтэл аялал жуулчлалын өртөг нь их багасаад байна. Хүмүүс бага зардлаар их юм үзэх сонирхолтой болсон. Ийм үед тээврийн асуудал дээрээ анхаарах ёстой” гэлээ.
Харин Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр:
Аялал жуулчлал нэг хоёр байгууллагын асуудал биш. Нийтдээ Монгол орныг дэлхийд таниулах сурталчилгаа хөрөнгө оруулалтын асуудал. Монголын ялгарлыг дэлхийд таниулж, эдийн засгийн хувьд нөлөөлөх онцгой ач холбогдолтой салбар гэдгийг энэ гурван өдөр хэлэлцэж алдаа оноогоо ярилцана. Мөн цаашдаа яаж сэргээх талаар стратеги ярих нь энэхүү арга хэмжээний гол зорилго юм. Дэлхийн нийтээр явуулж байгаа стратеги бол нэгдүгээрт дотоодын аялал. Хоёрдугаарт вакцин нь таарч байгаа хоёр улс хоорондоо олон улсад биш харилцан бие биендээ хилээ нээх явдал. Аялал хийх газруудыг ногоон коридор гэж байгаа. Энэ нь ковид гараагүй, халдварын тархалт бага баталгаатай байгаа газруудаарх аяллыг тодорхой улс орнуудтай ярилцаж байгаад бага багаар нээх ажил.
Маркетингийн хамгийн чухал асуудал гадаадад Монголыг сурталчлах асуудал биш. Жуулчдыг хэрхэн Монголд баталгаатай аялуулах, үйлчилгээний хувьд аюулгүй байлгах. Ялангуяа ковидын үед хүмүүсийн хандлага өөр, эрүүл ахуйн стандарт өөр болсон. Дээрээс нь хог хаягдал, 00-ын үйлчилгээ гээд бид олон жилийн турш ярьж байгаа зүйлийг шийдэж эрэлттэй нийлүүлэлтийн чанарыг хангах асуудлыг маркетингийн гол зорилго болгож байгаа.