2021 оны ФИБА U15 ур чадварын дэлхийн аваргаас Монголын өсвөрийн шигшээ мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд 105 орны өсвөр үеийн тамирчид хурд, хүч, авьяас чадвараараа өрсөлдсөнөөс Монголын баг тамирчид хоёр дахь жилдээ шигшээ тоглолтод шалгарч ийнхүү мөнгөн медалийн эзэд болж байгаа юм.
Аваргын төлөөх тоглолтод манай тамирчид Израилийн багтай өрсөлдөж, 107:108 буюу ердөө ганцхан оноогоор хожигдол хүлээжээ. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Болгарын баг Хятадыг ялжээ. Манай эрэгтэй баг энэхүү тэмцээний турш Аргентин, Албани, Беларусь, Мадагаскар, Пуэрто Рико, Болгар улсын багуудыг хожсон аж.
Тэгвэл өсвөр үеийн эмэгтэй ангилалд мөн Израиль түрүүлж Хятад мөнгө, Беларусь хүрэл медаль хүртжээ. Манай эмэгтэй шигшээ баг Мадагаскар, Израилийн багуудад дараалан хожигдсоноор медалийн болзол хангаж чадаагүй юм.