Германд амьдардаг зураач Ц.Цацрал 1000 гаруй үнэртэй усны цуглуулаг, архивтай. Өөрийн үнэртэй усны брэндийг гаргаж яваа авьяаслаг бүсгүй. Тэрбээр 12 настай байхад “Dior”-ийн “Poison” гээд үнэртэн моданд ороод тэгэхэд түүнийг үнэртэж үзчихээд гоё санагдсан учраас үнэртэй ус цуглуулж эхлэхээр шийджээ. Ховор, нандин сүрчигний цуглуулгатай, хийсэн үнэртэй ус бүрээ өөрийн гэсэн түүх, утга санаагаар баяжуулан хийдэг “Урлан Парфумс” үүсгэн байгуулагч , зураач Цацралтай ярилцлаа.
Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Цэгмэдийн Цацрал гэдэг. Монголд дүрслэх урлагийн сургуульд СУИС-д хувцас загварын чиглэлээр суралцаж байсан. 1997 онд Германд хувцас загварын чиглэлээр сурч төгсөөд дараа нь Берлиний урлагийн их сургуульд уран зургийн ангид сурч эхлээд мастераар төгсөөд 2011-2014 хүртэл хувийн урлагийн их сургуульд багшаар ажиллаж байсан. Германд амьдраад нэлээд олон жил болж байна. Гэхдээ Монголтойгоо байнга холбоотой байдаг. Ковид гарахаас өмнө жил болгон л очиж уран бүтээлийн үзэсгэлэн эсвэл үнэртэй усны нээлт зэрэг ямар нэгэн ажлаар очдог байсан.
Үнэртэй уснаас анх авч байсан мэдрэмжээсээ хуваалцвал?
Үнэр бол дурсамж тээгч байдаг. Хүүхэд насанд хүргэж өгдөг гал тэрэг бол үнэхээр үнэр байдаг. Тархины дурсамж, үнэр агуулсан хэсэг хоорондоо маш ойрхон байдаг. Яагаад үнэр үнэртэхээр гэнэт дурсамж сэргээд сэтгэл нь хөдөлдөг вэ гэвэл анатомийн хувьд хоёулаа ойрхон байдаг. Миний хувьд багаасаа л үнэрлэх мэдрэмж бүх мэдрэмжээс арай илүү байсан гэж хэлж болно. Гэрт хүн ирээд явсан хойно би үнэрээр нь мэддэг байсан. Ийм хүн ирээд явсан байна тэ гээд хэлэхэээр зөв байдаг байсан. Манай Монголчууд тухайн үед "Может быть", "Наташа", "Красная Москва" духи гээд хэрэглэдэг байлаа. Эмээ маань "Может быть" гээд жижигхэн шилтэй ус хэрэглэдэг байсан. Буурай эмээ Беларусиас хэдэн зуун жилийн өмнө авчирч байсан үнэртэй усны тансаг шил байдаг байсан. Эрднэсээ хийдэг авдартай тухайн үед зургаан настай л байсан байх. Тэгээд заримдаа ямар гоё юм бэ гээд л нууцаар гаргаж ирж хардаг байсан. 12 настай байхад “Dior”-ийн “Poison” гээд үнэртэн моданд ороод тэгэхэд түүнийг үнэртэж үзчихээд ямар гоё юм бэ. Би ер нь үнэртэй ус л цуглуулж эхэлмээр байна гэж шийдэж байсан.
Та ямар зорилгоор үнэртэн цуглуулдаг вэ? Одоо хэчнээн үнэртэй ус цуглуулсан бэ?
Янз бүрийн зорилгоор л цуглуулдаг. Нэгдүгээрт би гэр бүлийн дурсамжийн үнэртэй ус гэж хэдийг цуглуулсан. Миний бага настай бүх холбоотой уснуудыг би эрж хайж байж олж авсан. Ихэнх уснууд нь худалдаанаас гарчихсан, олдохоо байчихсан. Би тэднийг хэрэг болгож заримыг нь дуудлага худалдаанаас хүртэл авч байж цуглуулсан. Тэгэхээр ер нь 1980-иад оны сүүлээс цуглуулж эхэлсэн. Аав, ээж гэр бүлийн гишүүдийнхээ хэрэглэж байсан 10 гаруй үнэртэн байна. Шинээр гарсан тренд болж буй үнэртэй уснуудыг очиж үнэртэж үзнэ. Шинээр гарсан бүтээгдэхүүнийг дүгнэж дүгнэлт бичвэр бичнэ. Миний үнэртэй уснууд бол үнэрийн архив. Зарим нь худалдаанаас гарчихсан цөөхөн байдаг эргээд зарахад үнэд хүрэхээр ус нэлээд бий. Үнэртээд надад таалагдаагүй усыг ч гэсэн цуглуулдаг, архив гэдэг утгаараа. Гэхдээ аль болох надад хамгийн их таалагдаж байгаа, хүмүүсийн татагдаж буй үнэртэй уснуудыг цуглуулахыг зорьдог. Хамгийн сүүлд тоолоход 1000 гаруй үнэртэн байсан. Одоогийн байдлаар 1100 хавьцаа байгаа байх.
Үнэртэй усыг зарим хүн нэрийг хуудас гэдэг бол зарим хүмүүс үнэрлэж ч чаддаггүй. Энэ нь юундаа байдаг юм болоо?
Байгалийн, цаг үеийн, анатомийн өгөгдөл гээд янз бүрийн юм байна. Зарим хүмүүс үнэртэй ус үнэртээд толгой өвдөөд байдаг. Тэгэхээр бие физиологи нь дургүй байна гэсэн үг. Тийм болохоор хүн өөрийгөө сонсох хэрэгтэй. Би үнэхээр дуртай байна уу, надад ямар нэгэн мэдрэмж өгч байна уу гээд.
Өөрт тохирсон үнэртэй усыг хэрхэн сонгох вэ?
Би эрүүл мэндийг үргэлж нэгт тавьдаг. Баталгаатай газраас авах хэрэгтэй. Ямар ч брэндийн ус байж болно. Өөр таарсан үнэрийг олъё гэвэл өмнө хэрэглэж байсан уснуудаа эргэж хараад төстэй хэрнээ арай өөр ус хэрэглэж үзье гэвэл үнэртэй усны сангаас харах боломжтой. Бүх үнэртэй усыг төрлөөр нь ялгаад оруулчихсан үнэртний Википедиа монгол хэлээр www.fragrantica.mn сайт байдаг. Сарнай цэцэг гэж хайхад сарнай цэцэг орсон бүх үнэртэй усны мэдээлэл байгаа. Ер нь үнэртэн авахдаа эргэлзэж байгаа бол аваад хэрэггүй. Тэр тусмаа үнэртэхгүйгээр сүрчиг худалдан авах хэрэггүй гэж зөвлөнө. Заавал үнэртэж байж худалдан авалт хийж байгаарай. Түүнээс биш ингэж үнэртэх байх гээд таамаглаад авч болохгүй.
Хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн сүрчиг?
Ээжийн минь түрхдэг “Dior” брэндийн “Poison” гээд үнэртэй ус хамгийн тансаг, гайхалтай үнэр, мэдрэмж төрүүлж байлаа. Тэр усыг анх түрхэж үзээд л үнэртэй усны тухай ойлголт авч байсан. Мөн “Может быть” гээд үнэртэй ус байлаа. Тухайн үедээ бүсгүйчүүдийн дунд ид мода болж байсан үнэртэн.
Үнэртэнг та өөрийн үгээр тодорхойлж хэлбэл?
Нүдэнд үл үзэгдэгч, гарт үл баригдагч ид шидийн хувцас гэж л үнэртэнг тодорхойлж хэлье даа.
Та ямар төрлийн үнэрт илүү дуртай вэ?
Би нэг хэсэг хүжлэг дорнын агар модтой хүнд үнэртэй ганц цацахад хэдэн метрийн цаанаас үнэртдэг усанд дуртай байсан. Одоо бол хүчтэй биш уянгалаг ар араасаа пирамидаар үнэртдэг усанд дуртай. Сайн үнэртэй ус бол суурь ноот, зүрхэн ноот, толгой ноот гээд пирамидын дагуу үнэртдэг. Жишээлбэл, эхний 50 минутад нимбэг үнэртэж байснаа хоёр цагийн дараа сараан цэцэг гэх мэт байдлаар үнэртдэг. Нээх их хүчтэй биш ч гэсэн байгаад байдаг гэсэн үг.
Хоббитой байх ямар давуу талтай вэ?
Хоббиндоо цаг зараад судлаад явбал өчигдөр байснаасаа илүү мэдлэг, чадвартай болчихсон байна. Ер нь хоббитой байна гэдэг нь дарамтгүйгээр өөрийгөө хөгжүүлэх арга шүү дээ.
Хуурамч үнэртэй усыг хэрхэн ялгаж мэдэх арга байдаг уу?
Байхгүй. Хуурамчаар үйлдэж байгаа хүмүүс бүр илүү л цаг үеэ дагаад сайжирч байна. Тиймээс хайлт хийж судлаад баталгаатай газраас авдаг байх хэрэгтэй.
Гунигтай эсвэл жаргалтай үедээ ямар үнэр үнэрлэвэл хүссэн мэдрэмжээ авах вэ?
Нойр муутай, тайвширмаар байгаа хүмүүс лавандагийн тосыг ганц хоёр дуслыг дэрэндээ дусаагаад унтвал тайван унтдаг. Ер нь лаванда хүнийг тайвшруулдаг увдистай. Харин нимбэг, жүрж, мандарин, бэрсүүт жүрж гэх мэт энэ төрлийн үнэрүүд хүнийг сэргээдэг.
Үнэртэй ус хэзээнээс хийж эхэлсэн бэ?
Үнэртэй ус хийж үзэх юмсан гэсэн хүсэл байнга байдаг байсан. 2010-аад оны үед энэ бодлоо тууштай авч үзье гээд мэдээлэл цуглуулаад өөрийгөө боловсруулж эхэлсэн. 2016 онд хэсэг хугацаанд тест маягаар хийж үзье гэж бодоод “Урлан Парфумс” гээд компаниа нээсэн.
Таны хувьд өөрөө үнэртэй усны брэндтэй. Үнэртэй уснууд бүгд цаанаа ямар нэгэн илэрхийлэмжтэй юу?
“Цас чихэр” үнэртний хувьд дөнгөж орсон цасны сэргэг, сэрүүхэн мэдрэмжийг төрүүлэхүйц гэж болно. “Шамбалын орон” гэж нэрлэсэн учир нь хүнд ер бусын зүйлтэй учрах үе байдаг шүү дээ. Сахиусан тэнгэртэй учирсан мэт мэдрэмжийг санагдуулам. Үхлээс эргэн ирсэн хүмүүсийн дунд хэсэг зуур диваажинд очсон мэт мэдрэмж төрөхөд сарнай цэцэгсийн үнэр үнэртдэг гэж ярьдаг. "Үүрийн цолмон" үнэртний хувьд дүүгийнхээ нэрээр нэрлэсэн. Дүүг минь Цолмон гэдэг. Дүүгээ бодмогц тийм ялдам, танхил, зөөлөн гэсэн үгүүд сэтгэлд буудаг.
Монгол гэхээр танд ямар үнэр санаанд тань орж байна вэ?
Агь, гангийн үнэр хамгийн түрүүнд толгойд бууж
Үнэртэй усны үнэ цэнэ нь юундаа байдаг вэ?
Битгий брэндэд баригдаарай. Үнэтэй ус гоё, хямдхан ус муу гэсэн ойлголт байхгүй. Хүн бүрийн мэдрэмж, сонголт өөр учраас хайрцаглагдмал биш байгаарай. Бусдын сонголтыг үнэлээрэй.
Үнэртэй ус хийхдээ төлөвлөдөг үү? Мэдрэмжээ дагадаг уу?
Зурагтай адилхан стори толгойд орж ирдэг. Иймэрхүү үнэртэй ус хийнэ. Үүнтэй төстэй ямар ус байна. Ямар орц найрлагатай байна гээд л судалдаг. Ер нь онгод орно гэдэг чинь ажиллах хүсэл цаанаасаа төрөхийг хэлдэг шүү дээ. Гэхдээ онгод орно гээд хүлээж суухгүйгээр ажиллаж эхэлснээр онгод өөрөө бий болдог.
Одоо ямар төрлийн үнэртэй ус гаргахаар төлөвлөж байгаа вэ?
Зургаан төрлийн ус гаргачхаад төслөө хаагаад болино гэж бодож байсан. Тэгсэн миний уснууд хүмүүст таалагдаад, дахин дахин аваад больж болохгүй шүү гэж их хэлсэн. Тэгэхээр үргэлжлүүлээд хийдэг юм уу гэж бодож байгаа. Энэ зургаан усаа хийхдээ ихэнх хүмүүст таалагдах байдлаар хийсэн. Ашиг бодохгүйгээр байж болох хамгийн бага үнэтэй хүмүүс худалдаж авах боломжтой байдлаар гаргасан. Үнэрийн хувьд содон, үнэртэй усны талаар мэдлэг өндөртэй хүмүүст зориулсан байдлаар үнийн хувьд ч өөр дүнгээр гаргана гэж байна. Мөн ганцхан хувьд хүнд зориулсан хэнд ч байхгүй тухайн хүний онцлог, намтар, зан араншинг илэрхийлсэн ус гаргана гэж бодож байгаа.