Дэлгэрэнгүйг дээрх видеоноос үзнэ үү.
Бид энэ удаагийн сурвалжилгаараа 20 жилийн турш гадаа сууж бараа зарсан гэх эмэгтэйг онцолж байна. Хүйтэнд хөрж, халуунд халиралгүй наймаагаа эрхэлсээр байдаг энэхүү эмэгтэйг н.Лхагвасүрэн гэдэг. Улаанбаатар хотод суурьшаад 25 жил болжээ. Хань ижлээ алдчихаад таван хүүхдээ дагуулан хотод ирж улмаар наймаа хийн амьдралаа босгосон тухайгаа ярилаа.
Түүнчлэн цар тахлын улмаас өдрийн орлого нь эрс буурсан ч бараагаа зараад сууж байх нь жаргал хэмээж байв.
Тэрбээр, “Миний хувьд одоогоор отгон охин, хүргэн, хүүхдийн хамт дөрвүүлээ амьдардаг. Гэр Баянхошуунд бий. Би бол энд наймаа хийгээд суухад яах вэ. Таван хүүхдээ хүний зэрэгтээ айл гэр болгож гаргаад, одоо бага охинтойгоо амьдарч байгаа минь энэ.
Би хүүхдүүддээ маш их баярладаг. Үргэлж харж хандаж байдаг юм. Хаашаа ч хамаагүй явж амар. Битгий биеэ зовоогоод бай. Бид танаас мөнгө нэхээд байгаа биш гадаа сууж бараа зарахаа больчихгүй юм уу гэх зэргээр санаа тавьдаг юм. Гэтэл би өөрөө дуртай болохоор үүнийгээ хийх гээд байдаг. Хамгийн гол нь манай хүүхдүүдээс ганц авах зүйл нь архи тамхи хэрэглэдэггүй. Хүргэн ч мөн хэрэглэдэггүй. Тиймээс санаа зовох зүйлгүй их сайхан амар амгалан байж чаддаг” гэж ярьсан юм.
Мөн түүнээс өдрийн амьдрал нь хэрхэн өрнөдөг, гадаа сууж наймаа хийхэд ямар хүндрэлүүд учир талаар тодрууллаа.
БИДЭНД ДУУГАРАХ ЭРХ Ч БАЙДАГГҮЙ
-Таны хувьд өглөө хэдэн цагт босоод ажилруугаа гардаг вэ?
-Би өглөө 6.00 цагт босдог. Тэгээд л цайгаа уугаад тааваараа байж байгаад л цай цүйгээ аваад хүрээд ирдэг.
-Зарж байгаа бараануудаа яадаг вэ?
-Бараагаа найман шаргын агуулахад хадгалдаг. Түрээс нь 100 мянган төгрөг байдаг юм. Дотуур өмд, оймс, улавч, бээлий гэх мэт зүйлсийг зарж байна даа.
-Цар тахалтай холбоотой байдал хүнд байна шүү дээ. Таны хувьд орлого буурч байгаа байх?
-Өнөөдрийн хувьд наймаа хагараад 30-40 мянган төгрөг хийсэн. Одоо гүйлгээ маш хэцүү байдалтай байгаа. Заримдаа 9000 төгрөгтэй бууж байна. Заримдаа 20-30 мянга. Цар тахлаас өмнө өдөрт 50-60 мянган төгрөгийн орлоготой байлаа.
-Гадаа зөвшөөрөлгүй бараа зарж байна гээд хүмүүсийг хөөж тууж байгаа харагддаг?
-Бид нарыг их л хөөж тууна. Торгоно. Бид чинь гэмт хэрэг хийчихсэн хүн шиг л байдаг шүү дээ. Нэг торгохдоо 10 мянгаар, сардаа 3-4 удаа торгодог. Орой нь нөгөө “сайн гарууд” бараанаас хулгай хийгээд авчихна. Хулгай, архичид ч ихтэй бага зэрэг хүндрэлтэй.
-Цагдаа нарын хувьд шударга бус хандлага гаргах тохиолдол бий юу?
-Ерөнхийдөө үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг бариад хорьдог. Ард түмэндээ их ээлгүй, дарамт үзүүлдэг гэж би бодоод байгаа. Бидэнд ямар ч эрх байхгүй шүү дээ. Дуугарах эрх ч байдаггүй.