Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр агаарын хил тогтворжвол гадаадад вакцин хийлгэж амжаагүй монгол иргэд болон жуулчид Монгол Улсад вакцин хийлгэж болох уриалга гаргахыг БОАЖ-ийн сайдад даалгажээ.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Н.Уртнасан сайд жуулчдын компанитай ярьж, манай улсын агаарын хил тогтмол нээгдээд явбал гадаадад байгаа монголчууд болон жуулчид вакцингүй орж ирээд Монголд вакцинаа хийлгэж болно гэдэг уриалгыг гаргаж болно.
Төлбөртэй биш Монголд ирж жуулчлал хийсний төлөө вакциныг нь үнэгүй хийнэ. Нэг үгээр хэлбэл жуулчдыг татах сэдэл гэсэн үг.
Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шараас шар түвшинд шилжих юм. Тиймээс гуравдугаар тунд идэвхтэй хамрагдаарай гэж уриалъя. Гуравдугаар тунгийн талаарх мэдээллийг шинжлэх ухааны байгууллагууд иргэдэд сайн тайлбарлах хэрэгтэй.
Давтан тунг хийлгэлээ гээд халдвар авахгүй байна гэсэн баталгаа байхгүй. Харин та хөнгөн өвдөх, мэдэхгүй өнгөрөх тохиолдол гарна. Вакцин хийлгэсэн бол халдвар авахгүй гэж бодож болохгүй. Хөнгөн тусаад эдгэдэг өвчин байсан бол дэлхий даяараа хоёр жилийн хугацаанд хөл хорио тогтоож, байдал иймд хүрэх вэ дээ.
Ямар, ямар суурь өвчинтэй хүмүүст ковид-19-ийн улмаас нас барж байгаа талаарх мэдээллийг маш нарийн өгөх хэрэгтэй. Тэдгээр хүмүүсийг илүү их хамгаалахад эрүүл мэндийн салбар гол анхаарлаа хандуулах нь чухал байна" гэлээ.