УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан тухай өнөөдөр мэдээлэв.
Монгол Улсын хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолд Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн эрх, үүргийг тодорхой болгохыг заажээ. Энэ хүрээнд Т.Аюурсайхан нарын 20 гишүүн тус хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.
Т.Аюурсайхан “Даатгалын компаниуд дургүй байх нь ойлгомжтой. Яагаад гэвэл энэ үйл ажиллагаанаас ихээр ашиг олж байгаа. Гэхдээ энэ ашгийг олохдоо жолооч нарын хохирлыг барагдуулахгүй, үндэслэлээр татгалздаг, багаар хохирлыг нь үнэлдэг энэ гажуудлыг ихээр гаргадаг. Төрийн нэрээр албадлагын аргаар энэ хураамжийг өөрсдөдөө ашиг болгож авах нь маш буруу. Арилжааны сайн дурын даатгалыг бид огт хөндөөгүй. 14 компани байгаагийн 3-4 компани нь томоохон үйл ажиллагаа явуулж байгаа. УИХ-ын гишүүд бид Үндсэн хууль дээр заасан нийт иргэдийн эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн. ААН, компанийн төлөө ажиллана гэж бид тангараг өргөөгүй. Тиймээс энэ бол нийт иргэдийн нийтийн эрх ашгийн асуудал.
Одоогийн зохицуулалтаар төр ямар нэгэн ашиг хүртэх зохицуулалт байхгүй. Бидний тавьсан шинэчилсэн найруулгаар төрийн аливаа нэгэн оролцоо байхгүй. Үүнийг ашгийн бус нийтийн эрх зүйн. хуулийн этгээд хариуцна. Жишээлбэл, нийтийн эрх зүйн хуулийн этгээд захиргааны үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа этгээд байгаа. Үүнд Хуульчдын холбоог нэрлэж болно.
Тээврийн хэрэгслийн хохирлыг газар дээр нь барагдуулах тогтолцоо бүрдүүлнэ. Одоо даатгалын нөхөн төлбөр өгөхийн тулд цагдаагийн газрын тодорхойлолт шаарддаг. Тэр тодорхойлолт авахын тулд цагдаа ирж ослын газар ирж буруутай этгээдийг торгон зөрчлийн оноо хасдаг. Үүнээс иргэд болгоомжилж цагдаа дуудахгүй, даатгалаа авч чаддаггүй. Энэ хууль тогтоомжоор хэрвээ хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй бол, ослын тохиолдол дээр маргаан үүсээгүй бол заавал цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр даатгалын газраас нөхөн төлбөр өгч байх зохицуулалт хийсэн” гэлээ.
Жолоочийн даатгалын санд хуримтлагдсан мөнгийг жолооч нарыг соён гэгээрүүлэх, давтан сургах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлд зарцуулахаар төсөлд тусгажээ.