Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Койниг нар Сонгинохайрхан дүүргийн номын сангуудын нөхцөл байдал, цар тахлын нөхцөлд хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаатай танилцлаа. Тус дүүргийн 2, 8, 15, 19 дүгээр хороонд бичил номын сан байгуулсан. Азийн сангаас “Азийн ном” төслийн хүрээнд олон ажил хэрэгжүүлсэн бол энэ удаад 0-5 насны хүүхдүүдэд зориулсан номын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Номын сангийн тоог нэмэхээс гадна номын санчдыг чадваржуулах, номын шинэчлэлийг цаг алдалгүй хийх, номын сангийн үйл ажиллагааг тогтворжуулах хэрэгтэй. Номыг үзвэр болгон тавихаас татгалзаж, хэрэглэж байх ёстой. Хэдийгээр цар тахлын үед номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо цөөн байгаа ч хэрэгтэй хүнд нь хэрэгтэй номыг өгч үйлчлэх нь чухал. Түүнээс гадна номын санчдыг тогтвортой ажиллуулж, номд дурлагч хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Номын сан гэдэг бол гэртээ байгаа шиг тохь тухтай орчин байх ёстой. Бид нийслэлийн бусад дүүрэгт ч ийм бичил номын сангууд байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.
Номын сангаар үйлчлүүлэгч хүүхдүүдэд хүссэн номоо гэрээр унших боломжийг олгож, карт нээн бүртгэлжүүлж байгаа гэдгийг номын санчид хэлсэн юм. Номын сангийн байранд зөвхөн ном уншаад зогсохгүй зорилтот сургалт, хүүхэд, залууст зориулсан олон үйл ажиллагаа явуулах боломжтой. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах номын сангийн хувьд цар тахлын өмнө тогтмол сургалт явуулдаг байсан байна. Халдварын тохиолдол буурч, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэхээр сургалтаа үргэлжлүүлэх бүрэн боломжтой аж.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс