Хил хаагдсантай холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа. Үүний адилаар эм тарианы үнэ ч тээвэрлэлт зэргээс шалтгаалан хоёр дахин нэмэгдсэн байна. Тухайлбал бидний нийтлэг хэрэглэдэг парацетамол 500 төгрөг байсан бол 700, ширхэг нь 300 төгрөг байсан витамин С 550 төгрөг болж өсчээ.
Эм зүйчдийн мэдээлж буйгаар үнэ өсөөгүй эм тариа гэж байхгүй болоод байгаа аж. Харин ковидын эсрэг эмчилгээнд хэрэглэдэг Арбидол эмийн үүнийг 36 мянган төгрөгөөр барьж байгаа гэв.
Мөн зарим эм бэлдмэл хомсдолд ороод буй юм. Тухайлбал тарилгын шингэн болох натри, ренгер эмийн сангуудаар огт худалдаалагдахгүй байна. Үүний шалтгаан нь эмнэлгүүдийн хэрэгцээг хангаснаар эмийн сангуудаар нийлүүлэлт зогсчээ. Түүнчлэн эдгээр тарилгын шингэнүүд ковидоос үүдэн хүмүүсийн байнгын хэрэгцээ болсон талаар эмийн санчид хэллээ.