2022 оны улсын төсвийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор эдийн засагч Н.Энхбаяртай ирэх оны төсвийн талаар ярилцлаа.
Саяхан 2022 оны төсвийн анхны хэлэлцүүлэг болсон. Төсвийн төсөл дээр та ямар байр суурьтай байна вэ?
Одоогийн байдлаар Монгол улсын эдийн засаг 14 орчим тэрбум ам доллар байгаа. Экспорт талдаа болон төсвийн орлогыг бүрдүүлж байгаа ихэнх нь уул уурхайн түүхий эд. Харьцангуй уул уурхайн салбар давамгайлсан эдийн засгийн ийм бүтэцтэй үед төсөв мөнгөний бодлого дээрээ нэлээн чамбай төлөвлөлттэй, дунд хугацааны бодлого руугаа чиглэсэн төсөв байх шаардлагатай байгаа. Яагаад гэвэл биднээс хамаарсан гадаад зах зээлийн үнийн өөрчлөлт худалдан авагч улс орны эрэлт хэрэгцээнээс хамаараад төсвийн орлого, гадаад худалдаа ихээхэн савлаж байгаа. Савлаж байгаа жилүүдэд бид төсвийн зарлагаа тодорхой төвшинд бууруулахгүй юмаа гэхэд өсгөхгүй бага хурдацтай өсгөх шаардлагатай. Тэгж байж бид ирэх жилүүдэд төсвийн дарамт багатай байна. Гэтэл харамсалтай нь 2017 онд Олон Улсын Валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирснээс хойш сүүлийн гурван жил төсвийн зарлага нэлээн хурдацтай өсөж байна. Сүүлийн хоёр жил ковидоос хамаарсан төсвийн зарлагын өсөлт байгаа ч гэсэн үүний өмнөх жилүүдийн суурь төсвийн зарцуулалт өндөр байна. Энэ оны буюу 2022 оны өргөн барьсан төсвөөс харвал урсгал төсвийн зарлага 2017 оны төсвөөс хойш хоёр дахин өссөн. 7 их наядын зарлагыг бид өнөөдөр 14 их наядын зарлагатай төсөв болгож байна. Тэгэхээр хөгжиж байгаа орнуудын хувьд ч төсвийн зарлага нь ийм хурдацтай өсөж байгаа улс байхгүй байх. Энэ бодлогоороо бид цааших явсаар байх юм бол өрийн дарамт улам бүр нэмэгдэнэ.
Монгол улсын өрийн дарамт юунаас үүдэлтэй вэ?
2012 он хүртэл Монгол улс гадаад валютынхаа эрэлт хэрэгцээг олон улсын байгууллагуудаас зээл авах замаар нөхөж ирж байсан. Дэлхийн банк, Олон Улсын Валютын сан, донор орнууд Японы Засгийн газар гэх мэт. Олон улсын байгууллагууд зээлэхдээ тодорхой шалгуур үзүүлэлт тавьдаг учраас дүн нь төдийлөн том биш. Нэг удаадаа 200 сая доллар ч юм уу ийм хэмжээтэй зээл өгдөг. Гэхдээ хугацааны хувьд 20 жилээр гэх мэт урт хугацаатай, бага хүүтэй харьцангуй дарамт багатай зээл өгдөг байсан.
2012 оны 11 сард Монгол улсын Засгийн газар тухайн үед Чингис, Хуралдай гэсэн хоёр бонд гаргасан. Нийтдээ 1,5 тэрбум долларын, 5 болон 10 жилийн хугацаатай. Тухайн үед олон улсын санхүүгийн зах зээлд бонд гаргасан нь амжилттай хэрэг боловч харамсалтай нь энэ бондоо үр ашигтай зарцуулж чадаагүй. Энэ бондоо тухайн үедээ хэрхэн, яаж зарцуулах талаар урьдчилсан сайн төлөвлөж чадалгүйгээр гаргачихсан. Түүнээс хойш 4-5 төрөл бүрийн өөр нэртэй бонд гаргасан, хөрвүүлсэн ийм арга зам хэрэглэсэн. Гэтэл энэ бондоор бид богино хугацаатай, эдийн засагт үр ашгаа өгөх ёстой өндөр үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэх ёстой. Тэгж байж энэ бондын эргэн төлөлт бий болно. Яагаад гэвэл олон улсын байгууллагын 20 жилийн хугацаатай зээлийг бодвол бонд өндөр хугацаатай. Ихэнх бонд 3-5 жилийн хугацаатай байгаа. Ийм богино хугацаанд энэ бондын мөнгөөр төсөл хэрэгжүүлээд эргээд төлөх боломж байхгүй.
Тэгэхээр одоо хэдий хэр хэмжээний өр байгаа вэ?
Өнгөрсөн жилүүдэд манайд хэрэгжсэн томоохон төслүүдийг харахад дундаж хугацаанд хэрэгжиж байгаа төслүүд 5-15 жилийн хугацаанд хэрэгжиж байна. Шинэ нисэх буудал гээд амжилттай явсан төсөл барилгын ажил хийгдэж эхэлснээс хойш 6 жилийн дараа ашиглалтад орж байна. Хэрэгжүүлж байгаа төсөл нь өндөр үнэтэй, богино хугацааны зээлийг санхүүжүүлэх уул уурхайн төслөөс бусад нь Монголд одоогоор алга байна. Тэгэхээр бид цаашдаа өндөр үнэтэй бондын санхүүжилтээр явахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Яагаад гэвэл бидний хуримтлагдсан өр их байна. Ирэх гурван жил буюу 2022, 2023, 2024 он гээд нийтдээ бараг 3 тэрбум долларын бондын өр болон хүүгийн төлбөр төлөх ёстой байгаа. Эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулбал энэ бол их дүн.
Ойрын хугацаанд төлөх бололцоо манай улсад бий юу?
Одоо УИХ-д хэлэлцэж байгаа төсвийн төслийн мэдэгдлээс харахаар Засгийн газрын өрийн хэмжээ 61-62 хувь гэж байгаа юм. Зөвхөн Засгийн газрын өр яригдаж байна. Одоогийн байдлаар 27 тэрбум төгрөг. 2021 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын нийт өр 32 тэрбум доллар байна. Энэ бол дотоодын нийт бүтээгдэхүүнээс хэд дахин давчихсан хэмжээний их зээл. Тэгэхээр гадаад өрийн бодлого дээр Монгол улс зөвхөн Засгийн газар гэлгүйгээр банк санхүүгийн байгууллагууд төв банк, харилцааны банкнууд, хувийн хэвшил ч гэсэн бүгдээрээ гадаад өр зээлдээ цаашдаа болгоомжтой хандах ёстой. Яагаад гэвэл Монгол улсын авч байгаа зээлүүд өндөр хөгжилтэй орнуудыг бодоход бүгдээрээ гадны зээл. Жишээ нь АНУ Засгийн газраас гаргаж байгаа бондуудын дийлэнх хувийг дотоодын банк санхүүгийн байгууллагууд нь худалдан авдаг. Монголын хувьд 32 тэрбум долларын зээлийн бараг 30 тэрбум нь олон улсын санхүүгийн зах зээлээс татчихсан мөнгө. Магадгүй нөгөө 2 тэрбум доллар нь олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл. Тэгэхээр ойрын жилүүдэд Монгол улсад тулгамдаж байгаа өрийн дарамт маш их байна. Энэ 62 хувьд хүрчхээд байгаа зээлийн өр ойрын 2-3 жилдээ үнийн дүнгийн хувьд буурахгүй. Бид үүнийг төлөх бололцоо алга байна.
Дахин бонд гаргаад үр ашигтай зарцуулж болох уу?
Одоо явж байгаа төслүүдээ харвал, дээр нь төсвийн бодлогоо энэ хэмжээгээр харвал төсвийн алдагдал маань нэмэгдэнэ гэсэн үг. Төсвийн алдагдал нэмэгдэхээр дахиад үүнийг санхүүжүүлэх шинэ зээлийн эрэлт хэрэгцээ гарна. Тэгэхээр ойрын 3-4 жилдээ Монгол улсын өрийн хэмжээ энэ төвшиндөө л явах нь байна. Өөдрөгөөр бодвол. Тэгэхээр шинээр өр тавих асуудал дээрээ бид маш болгоомжтой хандах ёстой. Үүн дээр УИХ-аас болон холбогдох бүх байгууллагаас өндөр шаардлага тавих ёстой. Ийм байдлаар цаашаа явахгүй бол энэ нэлээн амаргүй байдалтай.
Өрийн дарамт их болохоор хэрвээ түүхий эдүүдийн үнэ сайн өсөхгүй бол ковидийн нөхцөл байдал ч юм уу ирэх онд үргэлжлэх нь байна. Ийм нөхцөлд манай төсвийн орлого өсөхгүй, экспортын орлого нэмэгдэхгүй нөхцөлд бид төсвийн зарлагаа танах шаардлага үүснэ. Төсвийн зарлага тийм амар буурахгүй. 17, 18 их наяд хүрчихсэн төсөв байна шүү дээ. Энэ нь бүгдээрээ цаанаа хүмүүсийн цалин, тэтгэвэр, тэтгэмж явж байгаа. Тэгэхээр бодлогоо чамбай болгож буулгахгүй бол ирэх жилүүдэд дахиад төсвийн алдагдлаа нөхөх эх үүсвэр төсвийн дарамт нэмэгдэнэ. Түүнийгээ хаанаас эхлэх үү гэхээр ойрын хугацааны боломж нь дахиад санхүүгийн зах зээл. Олон улсын байгууллага, валютын сан дэлхийн банкны улс орны өрийн эрсдэлийн дүн шинжилгээ хоёр жил тутамд хийгддэг. Дүн шинжилгээг харсан ч гэсэн Монгол улсын өрийн дарамт их байгаа нь харагдаж байна. Тэр дүн шинжилгээ нэгэнт олон улсын байгууллагын хийсэн шинжилгээ учраас олон улсын төвшинд байгаа бүх хөрөнгө оруулагчид санхүүгийн байгууллагууд түүнийг нь хардаг. Олон улсын санхүүгийн байгууллага Монгол улсыг өр төлбөрийн чадвартай улс уу үгүй юу гэж үзэж байна гээд тэгэхээр түүн дээр дунд хугацааны Монголд улсын өрийн дарамт их байна гэдэг харагдаж байгаа нөхцөлд Монгол улс хямд өртөгтэй бонд гаргах бололцоогүй гэсэн үг.
Тэгэхээр дахиад л уул уурхайд хүнд ачаа нэмэгдэх нь ээ?
Дараа жилүүдэд шинээр гарах бонд маань улам үнэтэй болно. Хэрвээ томоохон Оюу Толгой, Таван Толгой төсөл ойрын жилүүдэд үйл ажиллагаа нь эхлээд экспорт нэмэгдэнэ гэсэн ийм таатай нөхцөл байхгүй бол Монгол улсын дараа дараагийн жилүүдэд гарах бонд маань өндөр өртөгтэй болчихсон байна. Өрийн дарамт улам нэмэгдэнэ.
Ковидийн нөхцөл байдлаас шалтгаалан жижиг дунд бизнес эрхлэгчид хамгийн их хохирсон. Тэгэхээр татвараас хөнгөлөх байдлаар ч гэсэн дэмжих бололцоотой юу?
Өрөө төлөхийн бид төсвийн орлогоо бууруулж чадахгүй. Төсвийн орлогод зээлийн хүүгийн төлөлт явагдаж байна шүү дээ. Төсвийн орлого өндөр байна гэдэг нь бидний яриад байгаа жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих боломжийг нь байхгүй болгож байгаа. Уг нь бол төр засаг маань жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжье гээд байна. Татварын дарамтыг нь багасгая гээд санаа байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид жижиг дунд үйлдвэрлэгчдээс ногдож байгаа татварын ачааллаа хөнгөлөх, бууруулах ёстой. Үүнийг бууруулахын тулд төсвийн орлого буурна. Тэгэхээр тийм хэмжээний бууралт хийх орон зай бидэнд байхгүй байна. Тэгэхээр жил болгоны УИХ-аар оруулж байгаа төсөв маань зөвхөн хэдэн ерөнхий тооны тэнцэл хангах биш цаана нь дунд хугацаанд хэрэгжиж байгаа олон талын бодлогоо бодсон их чамбай төлөвлөгөө байх ёстой.
Төсвөө хэрхэн үр ашигтай, эрсдэл багатай төлөвлөж болох вэ?
Түүхий эд дээр тулгуурласан эдийн засагтай улс орны хувьд дэлхий дээрх үнийг бид нарийн таамаглаж чадахгүй. Жишээлбэл нүүрсний үнэ. Өдийд ингэж эрчим хүчний үнэ өснө гэж өмнө жил таамаглаагүй. Жишээлбэл ОХУ мөн адилхан түүхий эд дээр тулгуурласан экспорттой эдийн засагтай. Газрын тос, шатдаг хий, бензин шатахуун гээд эдгээр бүтээгдэхүүнийг маш их хэмжээгээр экспортолдог. Экспортын орлогын ихээхэн хэсэг нь түүхий эдээс бүрддэг. Тэгэхээр ОХУ-ын Засгийн газар жил болгоны төсвөө оруулахдаа хувилбартай оруулдаг. Үүн дээр түүхий эдийнхээ үнийг гурван янзаар авч үзэж байна. Тааруу, дундаж, өөдрөг гэсэн гурван хувилбар. Эдгээрээс хувилбаруудаас арай бололцоотойг нь ярилцаад баталж байна. Хэрвээ түүхий эдийн үнэ унавал бид төсвийн зардлаа ингэж бууруулж болох юм байна гэдэг хувилбар. Их Британи улсын жишээг харвал төсвийн төлөвлөлт нь бас онцлог байгаа. Их Британы төсвийн төлөвлөлтөд төсвийн байгууллагуудынхаа зардлыг хоёр ангилж байгаа юм. Суурь болон нэмэлт төсөв гэсэн байдлаар. Суурь төсөв гэдэг нь доод тал нь 2-3 жил хөдлөхгүй. Байнгын байдаг үйл ажиллагааны зардал. Одоо нэг сургууль байлаа гэхэд сургуулийн үйл ажиллагааг хэвийн байлгахтай холбогдсон зардал гэж ойлгож болно. Тэр зардлыг нь хөдөлгөхгүй жил болгон хэвээр нь батлаад тухайн жилийн төсвийн орлого эдийн засгийн өсөлт ямар байхаас хамаараад нэмэлт арга хэмжээ төсвөө нэмж баталж байгаа. Төсвөө хоёр хуваачхаж байгаа юм. Тэгэхээр төсвийн орлого сайн байх нөхцөлд бид магадгүй илүү өргөн арга хэмжээтэй зохион байгуулж болох нь байна. Эсвэл нийгмийн арга хэмжээг нэмэгдүүлдэг ч юм уу Ийм хувилбартай байдлаар улс орны төсвөө боловсруулдаг жишээ байна. Манай улсын хувьд нэгэнт түүхий эдийн үнэ ханшаа бүрэн тооцож төлөвлөх боломжгүй гадаад зах зээлээс хамааралтай ийм нөхцөл байдалд ийм хувилбартай тооцоолол бидэнд зайлшгүй хэрэгтэй.
Уул уурхайн салбараас хараат эдийн засагтай учраас энэ талын хөрөнгө оруулалтаа сайн хийх хэрэгтэй юу?
Монгол улс 2007 оноос өмнө үндсэндээ цөөхөн төрлийн түүхий эд экспортолж байсан. Энэ дотор коксжих нүүрс 2006, 2007 оныг хүртэл байгаагүй. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн огцом өсөлт явагдаад 2006-2007 онд бид анх Таван Толгой гэдэг ордыг ашиглаж эхэлсэн. Түүнээс хойш Монгол улсын экспортод нүүрс гэдэг түүхий эд дангаараа хоёр тэрбум доллар, зарим жил гурван тэрбум долларын орлого оруулж байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд бидний гол хийх ёстой ажил бол энэ их хэмжээтэй биет жингийн хувьд бол нүүрс 30 гаруй сая тонн төмрийн хүдрийг бодох юм бол 40 сая түүхий эдийг бид сайн жилдээ экспортолж байгаа юм. Ийм хэмжээний түүхий эдийг тээвэрлэхдээ дутагдалтай байгааг бид ойлгож байгаа. Үүнийгээ хөгжүүлэх гээд өнгөрсөн жилүүдэд Таван Толгой Гашуун Сухайтын авто замыг барьж сайжрууллаа. Одоо төмөр зам барьж байна гэх мэт. Гэтэл энэ ажлууд нь удаашралтай байна.
Тээвэрлэлтэд гол асуудал байна гэсэн үг үү?
Бидний бараг 10 жил ярьж байгаа ажил. Төмөр замын талаар баримтлах бодлого 2010 онд УИХ-аар батлагдсан. Гэтэл өнөөдөр 10 жилийн дараа экспортынхоо төмөр замыг хөрш оронтойгоо яаж холбох тухай яриад сууж байна. Төмөр замын ажил нь явж байгаа. Тэгсэн мөртлөө хэдээр яаж холбохын, нүүрсээ хаана буулгах вэ гэдэг тухай одоо ярьж байна гэдэг бол нэг талаараа хошин шог шүү дээ. Төрийн бодлого байгаа бол түүн дээр аль хэдийн бодчихсон байх ёстой. Энэ контейнерын ачаа биш. Төвөгтэй нь энэ бол нурмаг ачаа. Зэсийн баяжмал бол учиртай уутанд савлаад багахан хэмжээтэй гаргаж болдог. Жилдээ нэг сая тонн зэсийн баяжмал л гарч байна. Төмрийн хүдэр, нүүрсийг автомашин эсвэл төмөр замаар л тээвэрлэх боломжтой. Өндөр хөгжсөн орнуудад хүний оролцоогүйгээр автоматоор тоос шороо босохгүйгээр буулгаж байна. Хятад, Австралийн боомт, ОХУ-ын зарим боомт тийм байна. Гэтэл Монгол улс аваачсан нүүрсээ шууд асгаад буулгаж байна. Одоо төмөр зам барилаа гэхэд дахиад асгаж буулгах тухай ярьж байна. Ийм тээвэрлэлт дэлхийд хаана ч байхгүй. Ялангуяа нурмаг ачаан дээр. Ийм болхи, удаан гацаатай арга замаар 10 жил явсан байна. Энэ чинь Монгол улсыг гацааж байгаа хамгийн том шалтгаан.
Энэ жилийн хувьд 36 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Энэ боломжтой юу? Хэт өөдрөгөөр хараад эрсдэлээ тооцохгүй байна уу?
2008-2009 оноос биднийг дөнгөж нүүр экспортолж эхэлж байх үед энэ төмөр замыг хааш нь яаж тавьж болох вэ? үүгээр тавивал ямар үнэ өртөгтэй болох вэ? Хятадын аль боомтоор гаргавал Монгол улсын нүүрс илүү тасалдаггүй хурдан гарах вэ бага өртөгтэй болох вэ гэдэг бүх судалгааг 2008 онд дэлхийн банк хийгээд өгчихсөн. Энэ талаар Олон улсын байгууллага дэлхийн байгууллага удаа дараа хэлсэн. “Өмнөд говийн бүсийн дэд стратеги” гээд харамсалтай нь бид тэр өгсөн зөвлөмж стратегийг нь тоогоогүй мартаад орхичихсон. Одоо 10 жилийн дараа санаад хийх гэж оролдож байна. Хэрвээ тэр зөвлөмжийг нь дагаад хийчихсэн бол жилийн 30 сая тонныг түгжрэхгүйгээр гаргах боломжтой байлаа. Экспортын хүчин чадал нь 30 гаруй сая тонн байгаад байна. Тээвэрлэх хүчин чадал маань янз бүрийн шалтгаанаас хумигдаад энэ жил 20 хүрэхгүй сая тонн нүүрс гаргахаар байна. Тэгэхээр энэ бол дэд бүтцийн хүчин чадлаа бид маш буруу тооцож байна. Одоо нэгэнт төмөр зам ашиглалтад ороогүй байнга нөхцөлд сүүлийн жилийн тоон мэдээллийг аваад үзэхэд энэ оны эхний 9 сарын байдлаар Замын үүд Шивээ Хүрэнгийн боомтоор гарсан нийт автомашины тонн 200 мянгад хүрэхгүй байна. Сайн буюу 36 сая тонн нүүрс оруулж гаргадаг жилдээ 380-400 автомашинаар энэ түүхий эдийг зөөж гаргадаг байсан. Одоо үүний 50 хувьд нь ч хүрэхгүй байна. Нэгэнт боомтын дэд бүтцийн хүчин чадал ийм байгаа бол дээр нь урд хилийн ковидийн тархалт намжаагүй хилийн боомтын хяналт шалгалт чанга болж байна. Ийм нөхцөлд одоогийн ярьж байгаа 36 сая тонн гэдэг бол бодит байдлаас нэлээн хол. Таван жилийн дунджаар аваад үзэхэд 2022 онд гаргах боломж бол 22 сая тонн нүүрс гаргах болов уу гэсэн тооцоолол харагдаж байна. 300 гаруй мянган автомашинаар тээвэрлэхэд 25 сая тонн нүүрс тээвэрлэх л боломж байна.
Эдийн засгаа сайжруулахад ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?
Урт хугацааны төлөвлөгөөндөө хүрэхийн тулд дунд хугацааны төлөвлөгөө ярих хэрэгтэй. Үүнийг зөв шийдэх арга нь Монгол улсын бүтцийн өөрчлөлт. Жил болгоны төсөв мөнгөний бодлого цаанаа үлдээд байгаа суурь хуримтлагдсан бүтцийн асуудлыг шийдэж чадахгүй байна. Төсөв баталлаа гэхэд төмөр зам тавих тухай асуудал зөвхөн төсвөөс гарах мөнгө нь тавигдахаас биш бүх л бүтэн тэр төмөр замыг яаж барих тухай асуудал байхгүй. Төрийн байгууллагуудын том бүтэц байна. Үр ашиггүй олон төрийн өмчит компаниуд. Энэ болгоныг төсвийн бодлогоор засагдахгүй. Төсөв мөнгөний бодлогоос гадна Монгол улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлого гэдэг зүйлийг хамт хэлэлцэн баталж байх ёстой. Жил болгон биш гэхэд ядаж 2-3 жилдээ нэг удаа баталдаг байх хэрэгтэй. Энэ өөрчлөлтөө хийж байж бид зөв, цомхон бүтэцтэй төрийн алба руу, Засгийн газрын оролцоо багатай болж байж явахгүй бол төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэхүүн 38 хувьд хүрээд байна гэдэг нь цаанаа үрэлгэн бүтэц байна гэсэн үг.
Илүү шинэлэг байдлаар бодлого хэрэгжүүлэлтээ хийнэ гэсэн үг үү?
Ирэх жилд тавигдаж байгаа эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны зорилтыг бид ямар хүн хүчээр хийж болох вэ гэдгээ цоо шинээр харна гэсэн үг. Одоогийн байгаа орон тоогоор биш. Цомхон бүтэцтэй илүү бүтээмж чадвар сайтайгаар илүү шинэ технологиор зорилтуудаа шийдэх ёстой. Тэр зорилтыг бүтцийн өөрчлөлтийн бодлого дээр тусгаж байж хэрэгжинэ. Эдийн засгаа зөв бүтэцтэй болгоход тийм амаргүй. 2-3 жид шаардагдах байх. Гэхдээ тэгж байж зөв голдиролдоо орж экспортоо уул уурхайгаас өөр салбараас хэрхэн яаж бүрдүүлэх үү, боловсруулах үйлдвэр яаж байгуулах уу зэрэг асуудалд анхаарч чадна. Тэгж байж бид 2030 оноос цааш Монгол улсын эдийн засаг илүү тогтвортой, өрийн дарамт багатай, яаж зөв бүтэцтэй болох вэ гэдэг алхам хийгдэнэ. Тэгэхээр тэр өөрчлөлтийг одооноос хийж эхлэх хэрэгтэй.
Ийм савлагаатай эдийн засагтай үед өөр боломж бидэнд юу байна?
Одоо төсвөөс цалин авч байгаа 200 гаруй мянган хүнээ хэвээр нь явуулна гэвэл хэцүү. Яагаад гэвэл төсвийн орлого төдийлөн найдвартай биш байна. Зарим жилдээ уул уурхайгаас орж ирж байгаа салбар маань 7 тэрбум, түүхий эдийн үнэ нэмэгдвэл 8,5 тэрбум хүрчхээд байна. Эндээс орж байгаа төсвийн орлого савлаад байгаа юм. Тэгэхээр үүнийг аргацаах эх үүсвэр нөөц бидэнд байхгүй. Бүх салбартаа технологийн шинэчлэл хийж байж илүү өндөр бүтээмжтэй байна. Технологийн чадавхаа нэмэгдүүлж үр дүн гаргаж байж суурь цалингаа нэмүүлэх боломжтой. Түүнээс биш инфляцын 5, 10 хувиар индексжүүлэх арга биш. Илүү яаж 2 сая 3 сая гэсэн цалин руу явуулах вэ гэсэн бодлого чухал. Үүний тулд шинжлэх ухааны салбартаа анхаарч хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.