Азийн 23 хүртэлх насны “J” хэсгийн тоглолтуудыг эх орондоо хүлээн авч оролцож буй Монголын шигшээ баг хэсгийнхээ хамгийн өндөр чансаатай баг Тайландтай 1:1-ээр тэнцлээ.
Өнөөдрийн тоглолтын эхний гоолыг Тайландын баг оруулж, тэд эхний хагаст 1:0-ээр тэргүүлэв. “J” хэсгийн хамгийн өндөр чансаатай баг Тайланд тэргүүллийг авснаасаа хойш хэд хэдэн аюултай довтолгоог өрнүүлсэн ч таван хамгаалагчтай гарсан манай шигшээ багийн хамгаалалтыг сэтэлж чадсангүй.
Эхний хагаст хамгаалалтаа бат гэдгээ харуулж чадсан Монголын шигшээ шийдвэрлэх үед хэрхэн довтолж чадахаа үзүүлэв. Хэд хэдэн аюултай довтолгооны эцэст 10 дугаарын эзэн Б.Балжинням 76 дахь минутад алсын цохилтоор тэнцээний гоолыг орууллаа.
Тоглолтын турш Тайланд хаалга руу есөн удаа цохиж дөрөвт нь хаалгаа оносон бол Монголын шигшээ баг долоон цохиж, гурван удаа хаалга оносон тун тэнцүүхэн үзүүлэлт гарсан байна.
Монгол болон Тайландын 23 насны шигшээ багууд анх удаа учраа таарч байгаа нь энэ биш. Хоёр баг 2017 оны 7-р сарын 19-нд Азийн 23 насны АШТ-ий урьдчилсан шатанд учраа таарч, Тайландын талбайд тоглоход мөн 1:1-ээр тэнцэж байсан билээ.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо