1866 онд бичсэн “Гэм зэм” бол гүн гүнзгий философийн роман хийгээд сэтгэл зүйн өгүүлэл, сонирхол татам адал явдлын туурвил юм. Хүмүүс нь гэм нүгэл үйлдэж явдаг, тэгээд эцэст нь энэрэл өршөөл эрж буй баргар дүнсгэр хотын дүрслэлийг Орфей театрын хамт олон хэрхэн тайзны уран бүтээл болгох гэж буй талаар сурвалжиллаа.
Гэм зэм жүжгийн продюсер Т.Ариунчимэг:
Ф.М.Достоевскийн энэхүү зохиолыг зуун дамжиж олон улс орон тайз дэлгэцийн уран бүтээл болгосон. Тиймээс энэхүү гайхамшигт зохиолыг театрын бүтээл болгох цаг нь болсон гэж үзэж байна. Петербургийн тухайн үеийн амьдрал одоогийн Улаанбаатар хотын амьдралтай яг адилхан. Зохиол дээр гарах ядуу зүдүү, буурай дорд амьдралын хэсгүүд Улаанбаатар хотын гэр хорооллын амьдралтай давхцахаар өнгө ижил гэсэн үг.
Мөн хоёр жил дамнасан цар тахал бидний хүнлэг чанарыг үгүйрүүлж, дэлгэцийн хамааралтай хүмүүс болгож байна. Тэгэхээр хүн гэдэг “амьд” гэдэг зүйлээсээ холдож байгаа юм. Гол дүр өөрөө их ганцаардмал, хүнтэй яриагүй. Нийгмийн хүчин зүйлээс болж дотроо шаналж байгаа бодлууд гэх мэтчилэн сэтгэл зүйн хувьд асуудалтай. Энэ нь цар тахлыг даван туулж байгаа бидний амсаж буй мэдрэмжтэй тун дөхнө. Өөрөөр хэлбэл Раскольниковын нэг мэдрэмжийг бид мэдэрч байгаа юм. Тиймээс үзэгч жүжгээ ойлгохгүй гарвал маш харамсалтай. Жүжгийг тавихдаа заавал сонгодог хэлбэрээр, эсвэл шоу хэлбэрээр байх зэргийг найруулагч судална. Хүмүүст ойлгуулах нь тун чухал шүү дээ.
Постдрамын онцлог бол хэлбэрт баригдахгүй байх явдал. Гол дүрийн сэтгэлийн зовлон шаналлыг тайзан дээр хэрхэн гаргах нь цэвэр найруулагчийн ур ухааныг шалгах үйл явдал болно.
Зохиолд Ф.М.Достоевский ковидыг зөгнөсөн байдаг. “Би зах хязгааргүй газарт очно. Азиас гарсан нэгэн төрлийн вирус дэлхийг хамарна” гээд хүмүүсийн харилцаа, хүн яаж өөрчлөгдөж байгааг зөгнөсөн байдаг. Тэр их сонин. Ковидыг мэдрээд явж байгаа энэ үед түүнийг зөнч байсан юм болов уу гэмээр бодол төрсөн.
Бэлтгэлийн үеэр Жүжигчин Д.Түвшинбаяраас дүрийнх нь тухай тодруулахад, “Миний хувьд олон жилийн дараа тайзан дээр гарч ирж байна. Гэм зэм жүжгийн Разумихин гээд, гол дүрийн баатар Раскольниковын найз, өмгөөлөгч залуугийн дүр дээр ажиллаж байна. Жүжиг маань сонгодог төрлийнх болохоор их мөлжүүртэй. Тиймээс их дөхөм санагдаж байна. Надаар дамжуулж тайзан дээр амилах гээд байгаа тэр роль бол хамгийн цагаан, зөв зүйлийг эрхэмлэдэг ийм залуу байгаа. Энэ зохиол 200 жилийн өмнө бичигдсэн байхад өнөөдрийн нийгмийг хэлээд буй юм. Тэр нь гэмгүй хүн өнөөдөр гэмтэн болж байна. Гэмтэй хүн гэмгүй мэт явж болдог юм байна гэдгийг бид бүгд харж байна шүү дээ” гэв.
Харин жүжгийн найруулагч М.Батболд,
"Гэм зэм" бол оргил бүтээл. Учир нь адал явдал, философи, сэтгэл зүй, мөн театрт буугдах хэлбэр зохион байгуулалт романы шийдлээрээ мэргэжлийн үүднээс харахад төгс роман. Их зүйл романаасаа сурч байна. Бие биенийхээ дотор байгаа Достоевскийг олох маш сайхан байна. Жүжгийг найруулахдаа, үзэгчдэд мэдрүүлэх гэсэн туйлын нэг зүйл дээр анхаарсан гэж хэлж болно. Энэ нь хүн төрөлхтөнд байгаа цорын ганц гарц, ухаарал, гэрэл гэгээ бол ерөөсөө л хайр. Бие биенээ хайрлах. Бусдыг хайрлах чадвар, боловсрол бол энэ харанхуй нийгэмд шийдэл болно. Үүнийг л харуулахыг зорьсон” гэлээ.
Ташрамд дурдахад, жүжгийн үйл явц 50 хувийн гүйцэтгэлтэй явж буй юм. Үзэгчдийн хүртээл болоход тун дөхөж байгаа энэхүү бүтээлийн тасалбар 11 дүгээр сарын 20-ноос зарагдана.